Ц.Шинэбаяр уймарч явна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 01

                

Нэгэн марзан эр “Эхнэрээсээ салчихлаа, хадлангаа хадчихлаа, архиа уулаа, ажил ч жигдэрч байна даа” хэмээн хөөрцөглөж суусан тухай шог яриа бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын хувьд бас  МАХН-аасаа гарчихсан, “Хамуг Монгол” хөдөлгөөн байгуулсан, Ардын намын генсек У.Хүрэлсүхийн охинтой хүүгээ гэрлүүлэхээр болсон гээд ажил төрөл нь жинхэнэ жигдэрч байх шиг байна. Бас дээр нь Хөдөлмөрийн нам байгуулж, ард түмний улс төр хийнэ гээд байгаа. Монгол дахь улс төрийн хэллэгт тэрээр  “Бүх ард түмний улс төр хийнэ” гэсэн шинэлэг ч юм шиг үг яриа оруулаад иржээ. Энэ нь Америк зэрэг том гүрнээс импортоор авчирсан үг лав биш бололтой. Гэхдээ үүнд нь угаасаа улс төрөөс өөр ажилгүй мэт хүмүүс их амархан дасч байх шиг байна. Харин түүнийг Хөдөлмөрийн нам байгууллаа гээд ойрын өдрүүдэд шуугиад байсан нь энэ удаа худал болж таарч байх шиг байна. Ер нь бол ийм намтай болохсон гэж бодсон шиг байгаа юм, мань эр. Гэвч одоо нам шиг их хог Монголд алга. Юу л байна, нам байна. Мэддэг мэддэггүй, чаддаг  чаддаггүй янз бүрийн  хүмүүс нам байгуулан тоглодог болсон. Монголын Уламжлалын нэдсэн нам, Эх орон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гээд гарын аравхан хуруунд багтам цөөн хүнтэй, нам гэсэн том хаягтай юмнууд гудамжаар дүүрлээ. Уг нь үзэл санаагаа уралдуулах нэг талбар нь нам гэсэн байгууллага байж болох л юм. Гэвч тэдгээр намууд нь “Ядуурлыг яах вэ” гэхээс өөрийг эс дуугарна. Өөрөөр хэлбэл улс орноо аваад явчих хэмжээний онол, суртахуун, үзэл санаа гэж юм тэдэнд байхгүй байна. Үүнийг нь улс төр судлаачид харин тод хэлээд байгаа. Тиймээс Ц.Шинэбаяр Хөдөлмөрийн нам хэмээн нэг дуугарснаа чимээгүй болох янзтай. Ер нь жаахан будилж уймраад байх шиг байна. Хаашаа ч харсан олон ижилхэн, бүр ихэр юм шиг намуудаас юугаараа ялгаатай нам байгуулахаа бодож олж чадахгүй байгаа бололтой. Үүнээсээ ч болсон уу, хоолой нь өвдсөн шалтгаанаар хэвлэлийнхнээс хэд хоногтоо холуур тойрч өнгөрөхийг хичээж байгаа гэнэ. Гэтэл гай болж нэгэн сэтгүүлчтэй тааралдаад юу ч яримааргүй байгаагаа өчсөн сурагтай.

Б.Отгонбаяр        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top