Хар тамхи манай залуучуудын ердийн хэрэглээ болох уу. Арай үгүй байлгүй дээ. Саяхан улсын начин Ц.Улаанхүү хар тамхи тээвэрлэн зүүн өмнөд Ази руу гаргах гэж байгаад баригдаж 11 жилийн ял сонслоо. Гэхдээ тэр хэргээ хүлээгээгүй. Мөн хоёр дахь удаагаа хар тамхины хэргээр DJ Өөжий 12 жил шорон суух боллоо. Түүний жинхэнэ нэрийг О.Ганболд гэдэг. Шүүх хурал нь саяхан Чингэлтэй дүүргийн шүүх дээр болсон юм. Шүүх хуралдаан ердөө гуравхан цаг үргэлжилсэн байна. Үүнээс үзэхэд шүүх бүрэлдэхүүнд уг хэрэг тийм ч их ачаалалтай байгаагүй бололтой. Өөрөөр хэлбэл энэ хэрэг нь мөрдөн байцаалт, прокурорын хяналт сайтай болсон мэт харагдах ажээ. О.Ганболд нь өнгөрөгч тавдугаар сард Н.Мөнхбаяр гэгчтэй хамтран Замын-Үүдийн гаалиар 0,6 грамм каннабисын төрлийн мансууруулах бодис авч гарахыг завдсан гэдэг. Гэхдээ Н.Мөнхбаярынх нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ. О.Ганболдын өмгөөлөгч Б.Манлайжав харин уг хар тамхийг Н.Мөнхбаярынх байж магадгүй гэж үзэж байна. Тиймээс түүнийг дахин шалгуулахыг хүсчээ. О.Ганболдын хувьд 2007 онд хар тамхины хэргээр найман жилийн хорих ял сонсоод гурван жилийг нь биеэр эдлэн өршөөлийн хуулийн заалтын дагуу суллагдсан юм. Түүнтэй холбоотой энэ удаагийн хар тамхины хэрэг удахгүй давж заалдах шатны шүүх дээр очвол арай өөрөөр шийдэгдэж байж мэдэх л юм шиг байна. Гэхдээ хэрвээ хамт явсан гэх Н.Нөнхбаярыг нь дахиж мөрдөн шалгаад хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд шүү дээ. Өөжий буюу О.Ганболдын өмгөөлөгч Б.Манлайжав нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдөлийг нь өгөөд байгаа юм байна.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )