Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзалт хийн зэрэгцээд зогсохыг харсан хүмүүс төрийн тэргүүн маань арай жаахан өндөр байсан бол сайхан харагдахгүй юу хэмээх нь бишгүй л сонсогддог. Сонирхолтой нь түүнтэй ижил намхавтар нуруутай ч өндөр харагдаад байдаг ерөнхийлөгчид цөөнгүй бий. Тухайлбал Францын ерөнхийлөгч Н.Саркози 162 см хэрнээ өндөр харагддагийн нууц нь 5 см өндөрлөсөн тусгай зориулалтын гутал өмсдөгт байдаг гэнэ. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өөрийгөө 7 см өндөр харагдуулах гутал өмсдөг аж. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийг нуруугаараа манай ерөнхийлөгчөөс 2 см өндөр атлаа хамт зогсохоор 10-аад см өндөр харагдаад байдгийг нь манай ерөнхийлөгчийн тамгын газрынхан анзаарчихаж. Ингээд улсынхаа нүүр царай болсон Элбэгээ ерөнхийлөгчийг “өсгөхөөр” шийджээ. Монгол улсын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог дизайнер Н.Соёлмаад хандан өндөр харагдуулдаг тусгай гутал хийж өгөх санал тавьсан ч тохироонд хүрч чадаагүй бололтой. Ингээд тэд ардчилсан ерөнхийлөгчийг өндөр харагдуулах тусгай гутал хийлгэхээр хойд хөршийг зорьсон гэнэ. ОХУ-ын гутлын дизайнерууд уг саналыг найрсгаар хүлээн авч Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг даруй 6 см өндөр харагдуулах биед эвтэйхэн гутал хийж өгөхөөр амлажээ. Түүгээр зогсохгүй Москвагийн загвар зохион бүтээгчдийн товчоо Монгол Улсын Ерөнхийлөгчид зориулсан тусгай гутлыг зохион бүтээхийг дизайнеруудынхаа дунд зарласан байна. Шагналын санг ерөнхийлөгчийн Тамгын газар даах бөгөөд 20 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох сурагтай. Ингэхдээ хавар, намар, өвөл, зуны гээд хэд хэдэн төрлийн тусгай гутлаар уралдах аж. Улс орныхоо төлөө үргэлж толгойгоо гашилгаж явдаг ерөнхийлөгчийн хувийн гоо сайханд санаа тавьсан Тамгын газрынхан тусгай зориулалтын гутлаа өмсөөд төө шахам өндөр болчихвол бусад улс орны төрийн тэргүүн нартай эрс харьцуулагдахгүй болно хэмээн үзэж байгаа бололтой. Улсынхаа төлөө бол өндөр өсгийт жийгээд ч болтугай нуруулаг харагдаж байхад буруутгах юу байхав, байгалиас заяасан намхан нуруунаас нь илүү өндөр өндөр бодол, алсын хараа түүнд бий хойно. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч бие багатай ч бэлчээр томтой, олон улсад нэртэй нөлөөтэй хүн гэдэгтэй нь маргах хүн үгүй биз ээ.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
155 см гэж үнэн үү?