Генерал М.Ганболд гэж чухам хэн юм бэ, түүнийг АТГ-ын дэд даргаар томилно гэв үү

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 02



Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, генерал М.Ганболдыг томилох тухай дээгүүр яригдаж эхэллээ. Олон нийт түүнийг хэрхэн хүлээж авах бол оо. Энэ дарга нар түүний мэдлэг, чадварыг  үнэлэв үү, эрх баригч улс төрийн хүний шахаасаар шийдэх гээд байна уу. Хүмүүс энэ мэтээр олон зүйлийг эрэгцүүлж байна. Авлига манайд хамгийн хүнд асуудал болоод байгаа тул ийнхүү цэгнэх нь зүйн хэрэг. Америкийн дэд Ерөнхийлөгч саяхан айлчилж, манай Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Авлига бол бидний дайсан” гэсэн. Энэ нь санаандгүй хэлсэн үг биш болов уу. Тэрээр Монголд авлига их байна. Үүнийгээ таслан зогсоохгүй бол Америкчуудтай харилцахад төвөгтэй шүү гэсэн сануулга байж мэднэ. Түүнд Ц.Элбэгдорж “Мянганы сорилтын сангийн шалгаруулалтын дараагийн шатны арга хэмжээнд Монголыг хамруулна уу” гэсэн санал тавихад тэр ийнхүү хэлсэн юм. Тиймээс Авлигатай тэмцэх газрыг чадваржуулах, хариуцлагажуулах нь юу юунаас илүү чухал болжээ. Анхны дарга Дангаасүрэнгийн амийн хөнөөчихсөн. Дараагийн дарга нь ажилтнуудаа тагнаж, чагнаад шоронд орсон. Одоо эзэнгүй айл шиг болчихоод байгаа. Тэнд маш хариуцлагатай хүнийг томилоосой гэж хүмүүс ханцуйдаа залбирч байна. Тэгвэл генерал М.Ганболд гэгч маань чухам хэн билээ. Аливаа хүнд алдаа оноо аль аль нь л байдаг. М.Ганболд ч элдэв хэл аманд бишгүйдээ өртөж явсан нэгэн. Яахав, сайн найз Намбарын Энхбаярынхаа  дэмжлэгээр түүний хар мөрүүд  цас шиг цагаан харагддаг байсан байж болох юм. Одоогоос долоон жил гаруйн өмнө буюу 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван “Авдрантын”  шоронгоос томоохон хэмжээний захидал бичсэн нь “Монголын мэдээ” сонинд нийтлэгдэж байлаа. Одоогийн генарал М.Ганболд тэр үед Эрүүгийн цагдаагийн газрын дарга байжээ. Түүний талаар Ч.Энхтайван юу бичсэн нь өнөөдөр таньд сонирхолтой байх болов уу.

Тэрээр “… Мөрөн, ЭЦГ-ын дарга М.Ганболд, гуравдугаар тасгийн дарга хурандаа Уугангэрэл нар эртнээс бусад компанитай янз бүрийн бизнес хийдэг, захиалгаар нь ажилладаг байсан. Тэд Мөрөнг ЦЕГ-ын даргаас хусуулсныг надтай холбоотой, миний оролцоотой гэж занадаг, өширхдөг.

ЭЦГ-ын дарга М.Ганболд, Уугангэрэл нар “Буян”-гийн Жаргалсайханаас 150 сая төгрөг авч байсныг нь тухайн үед “Буян”-тай ажиллаж байсан зарим хүмүүс гэрчилдэг. Ганболд нь Төмөр замын цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж  байхдаа спиртийн наймаа хийж баяжсан. Түүний хадмын хашаанд болон эхнэрийн ах Гантөмөрийн хуучин байшинд спиртийн том том савнууд пиг дүүрэн байдаг байсан гэдэг. Нэг удаа Ганболд жип машинтайгаа архи спиртээ зөөж байгаад 17 дугаар сургуулийн дэргэд цагдаад шалгагдаж үнэмлэхээ үзүүлж мултраад цуг явсан хүмүүстээ “Балрах шахлаа. Төмөр замын цагдаагийн дарга гэж байж л нэг юм саллаа” гэсэн байдаг. Зургаан жилийн өмнө М.Ганболд нь эхнэр Алтанцэцэгийн хамт “Бүрд”-ийн агуулах дахь спиртийг ус болгох гэмт хэрэг үйлдэж баригдаад эхнэр Алтанцэцэг дээр нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд, мөрдөн байцаах газрынхан түүнийг цагдан хорих гэхэд М.Ганболд нь МБГ-ын дарга Алтангэрэл хурандаа дээр орж “Эхнэр жирэмсэн тул битгий хориоч” гэж гуйж болиулаад маргааш нь эхнэрээ Москва руу бултуулсан” гэжээ.

Энэ бол өнөөгийн  М.Ганболдын  хар бараан мөрүүдийн нэг л хэсэг нь юм. Мань эр ийнхүү эхнэрээ хэргээс чөлөөлөөд араас нь өөрөө Оросын цагдаагийн академид Н.Энхбаярын оролцоотойгоор элсэж суралцсан гэнэ лээ. Н.Энхбаяр нь  түүний бүр багын найз тул ийм зүйл дээр гар сунгасан биз.

Мөн 2007 оны 6 дугаар сард “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Шүүхийг шүүе” сэдэвт  цуглааны үеэр Сүхбаатар талбайд хүрэлцэн ирсэн энгийн хувцастай хэсэг цагдаа нар нэгэн бичиг өгчээ. Тус төрийн бус байгууллагын тэргүүн Бат-Ялалт  тэрхүү бичгийг үзтэл Цагдаагийн Ерөнхий газрын даргаар тухайн үед ажиллаж байсан М.Ганболдын ажлын арга барил, алдаа, зөрчлийн тухай гомдлын үгс зурайж байжээ. Ингээд түүнийг нь “Улс төрийн сонин”-д ямар нэг засваргүйгээр шууд нийтэлсэн байна. Цагдаагийн ажилтнууд гомдоллон бичихдээ:

ЦЕГ-ын дарга М.Ганболд байнга архидан, дараа нь нүдэнд харагдсан бүхэндээ агсан тавьж, цагдаагийнханы эгдүү дургүйг хүргэж тэсэхийн аргагүй боллоо.

Дотнын найз, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа Уугангэрэлтэй уржнан жил маршийн тэмцээний үеэр хоёулаа согтуу зодолдож, төр засгийнханд агсан тавьж байсан юм. ТЕГ-ын дарга Н.Ганболдтой архидаад бас агсан тавьж буу гарган буудсан. Хурандаа М.Ганхүүд агсан тавьсан гээд тоо томшгүй фактууд бий. Энэ он гарсаар ЦЕГ-ын “Сүүж” амралтанд ажилтнуудаа зодож, аяга таваг хагалж, хэд хэдэн удаа агсан тавьжээ.  Энгэ байдал юунд хүргэх бол гэж цагдаагийнхан түгшицгээж байна.

…М.Ганболд Энх-Амгалан гээд цагдаагийн дарга нараас авлигаар баяжигсад олон бий. Эд нарын машин, зуслангийн байр асар үнэтэй, эргэлдүүлж буй мөнгө ч асар их. М.Ганболд л гэхэд сард 2000 доллар төлдөг “Роял кастд” хотхонд сууж, хүү нь 10 мянган долларын  төлбөртэй сургуульд сурч байна. Эхнэрийнхээ компаний орлого гэх байх л даа. Хэзээ ч тийм биш. Тэгээд ч М.Ганболд АТГ-т өөрийн нөхдөө оруулж, олшруулж байгааг анхаарах ёстой” гэжээ.

Энэ бол жирийн цагдаа нарын үг гэдэгт эргэлзэх юу байхав. Тухайн цаг үед тэр бас Н.Энхбаярын ивээл дор ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа ийм л байжээ. Одоогийн генерал М.Ганболд яах аргагүй мөн дөө.  Тэгээд Авлигатай тэмцэх газрын дэд даргаар түүнийг томилно гэв үү. Арай үгүй байлгүй, шударга  ажилтан ямар мундсан биш дээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуц(103.26.193.233) 2023 оны 12 сарын 13

хуц

1  |  1
Top