Финландын Ерөнхийлөгч Таръя Халонений айлчлал өчигдөр өндөрлөв. Халуун дулаан уур амьсгалд өрнөсөн түүний энэ удаагийн айлчлал Монголчуудад итгэл, бахархалыг үлдээлээ. Түүний энгийн яриа хөөрөө, холч бодол, эмэгтэй хүний хатан зориг, тэвчээр манайханд бас нэг шинэ үлгэр дууриал болох болов уу.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд хийсэн түүний айлчлал нь зөвхөн Финланд улс төдийгүй, Хойд Европын орнуудаас хийж буй төрийн дээд хэмжээний анхны айлчлал гэдгээрээ онцлог байлаа. Финландын Ерөнхийлөгч нээлттэй нийгмийг бий болгох, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, уур амьсгалын өөрчлөлт, жендерийн тэгш байдал зэрэг ардчиллыг бэхжүүлэхэд чухал шаардлагатай чиглэлүүдэд онцгойлон анхаардаг ажээ. Тиймээс Монголын хувьд ирээдүйн үлгэр жишээ болох улс нь яах аргагүй Финланд юм байна. Монгол улс хүний эрхийг хүндэтгэсэн, нээлттэй, шударга ёсыг бэхжүүлсэн, ард иргэдийнх нь орлого өссөн, ядууралгүй, авлигагүй орон болохын төлөө эрмэлзсээр ирсэн. Харин Финланд яг ийм замаар богино хугацаанд амжилтанд хүрч чадсан гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолж байлаа.
Манай хоёр орны хувьд үнэлэмж, үнэт зүйл нь нэг ажээ. Үнэлэмж гэдэг нь хүний эрх, шударга ёсыг бэхжүүлэх, нээлттэй улс байх явдал юм.
Түүнээс гадна эдийн засаг, дэд бүтэц, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, ойн сан гэх мэт олон салбарт хамтран ажиллаж байна. Боловсролын салбарт оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллахаас гадна шүүх байгууллага, ялангуяа захиргааны хэргийн шүүхийнхэн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ бүхнийг цаашид улам боловсронгуй болгож, хөгжүүлэхийг хоёр ерөнхийлөгч чухалчилсан байна. Мөн геологи хайгуулын чиглэлд үр дүнтэй ажиллах, цаа бугын аж ахуйд хамтрах, шинэ технологийг өргөн нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Таръя Халоненийг дагалдан ирсэн бизнесийнхэн манайхантай форум зохион байгуулж, хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах өөр олон боломжуудыг нээлээ.
Таръя Халоненд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд нар бараалхаж, хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярилцсан юм.
Финландын Ерөнхийлөгч айлчлалынхаа төгсгөлд сэтгүүлчидтэй уулзахдаа фин хэл нь Алтай язгуурын хэлээс гаралтай хэмээн бахдалтайгаар өгүүлж байв.
Дэлхий нийт, бүс нутгийн хэмжээнд хамгийн чухал нэгэн зүйлд Таръя Халонен анхаарлаа хандуулсан юм. Тэр нь Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын дундуур НҮБ-ын 66 дугаар чуулганд оролцохдоо танилцуулахаар бэлтгэсэн ардчиллын боловсролын асуудлаар тивүүдийг төлөөлсөн Ерөнхийлөгч нарын санаачлагын бүлэг байгуулах саналыг Таръя Халонен юун түрүүнд дэмжихээ илэрхийлсэн явдал ажээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )