Н.Давааг алуурчингаас ялгаагүйд үзэж, улс төрийн шалтгаанаар шоронд хорьсон нь С.Баярын захиалга уу

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 02


“Анод”-ын Н.Даваагийн бие тааруухан байгаа гэнэ. Түүнийг нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, шинжилгээ хийлгэхээр өнөөдөр нэгдсэн гуравдугаар эмнэлэг дээр авчирчээ. Эмнэлэгийн ийм үйлчилгээгээ хийлгээд тэр шорон руугаа явж байна. Хоригдох хугацааг нь бүтэн сараар сунгасан. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар нь ийнхүү таван сар гаруй тарчлааж байна. “Анод”-ын гэх хэрэг прокурорт шилжиж буй мэдээлэл бий. Гэвч түүнийг шоронд байлгаад байгаа нь хачирхалтай. Шүүхийнхэн  болохоор мөрдөн байцаалтанд нөлөөлөх магадлалтай гэсэн ганц тайлбарыг хийсээр өнөөдрийг хүрлээ. Харин Н.Даваа болон түүний хамт хоригдож буй “Анод”-ын ТУЗ-ийн гишүүдийн хувьд банкныхаа зээлийг хэтрүүлсэн буюу зальтай зарим этгээдүүдэд их хэмжээний мөнгө зээлээр өгөөд хулхидуулсан, хувьцааны асуудал дээр алдаа гаргаснаас өөр ноцтой  юм хийгээгүй гэдэг. Өөрөөр хэлбэл хүн амины болон бусад эрүүгийн онц хүнд гэмт хэрэг огт хийгээгүй, хийх ч хүмүүс биш. Харьцангуй өндөр боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, үүндээ үнэнч, хөгжлийн төлөө томоохон хөрөнгө оруултуудыг зоригтой хийж байсан юм билээ. Улс төрийн үзэл санааны хувьд нийгмийн тэгш ёс, ардчилалын үнэт зүйлсийг эрхэмлэдэг, Монголоо хөгжүүлэх суурь судалгааны зарим бүтээлээ хийж зах зухаас нь хүмүүст танилцуулж явсан хүмүүс ажээ. Ялангуяа Н.Даваагийн үндэсний үзэл санааны талаархи түүхийн дүн шинжилгээний сэдвүүд өнөөгийн бидэнд хэрэгтэй зүйл байлаа. Иргэний хөдөлгөөний нам байгуулсан нь ч бас нийгмээ шинэчлэх хүсэл тэмүүлэлтэй нь холбоотой байхаас зайлахгүй.

            Гэвч Монголын төр, засаг, шүүх эрх мэдлийнхэн Н.Даваад дэндүү хатуу хандаад байх шиг. Монголчуудын туулж өнгөрүүлсэн аймшигт улс төрийн хэлмэгдүүлэлтийг  санагдуулах ажээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөртэй болсон, нээлттэй ардчилал, шударга харилцаа руу эргэлт буцалтгүй замнаж буй энэ цаг үед Н.Давааг ийнхүү батлан даалтанд гаргахгүй хорьсоор байгаа нь зарим талаар 1937 оныг санагдуулна. Хамгийн энгийн логикоор бодоод үзсэн ч ингэж үзэхээс өөр аргагүй юм. Саяхан нэгэн гэр бүлийг бараг цөмийг нь хүйс тэмтрэн хөнөөсөн аймшигт алуурчин гэх Б.Эрдэнэбилэгийг цагдаагийнхан баривчилжээ. Тэрээр хоёр жилийн өмнө бас нэг хүнийг алж, ээжийг нь хүчирхийлж байсан зандалчин байв. Энэ хэргийг нь шалгаж шийдвэрлэх мөрдөн байцаагч, шүүгч, прокурорууд чухам юу хийж, ямар хахуулиар хөдөлж байсныг бүү мэд. Юутай ч хэргийг нь шийдэлгүй, очих ёстой шорон руу нь илгээлгүй, гадуур чөлөөтэй явуулж байсаар дахиад гурвын гурван хүний амийг хөнөөлгөжээ. Б.Эрдэнэбилэгийн шүүгч, мөрдөн байцаагч нарын ийм бүдүүлэг алдаа нь Н.Давааг мөрдөн байцаалтанд хүндрэл учруулж болзошгүй гэх дээрх хачирхалтай тайлбар хэлдэг хүмүүсийнхээс илүү аюултай зүйл байна. Н.Даваа бол яаж ч байсан хүний аминд хүрэх хүн биш гэдгийг захын хүн хэлээд өгөх байх. Нөгөө талаар Н.Даваагийн хэрэг гээд байгаа юмнууд нь хувийн өмчийн маргаан, залилангийн сэдэлтэй, магадгүй түүний банк санхүүгийн бизнест саад хийх гэсэн хүмүүсийн зохион байгуулалттай хорон явуулгаас үүдэлтэй болов уу. “Монгол газар” компаний захирал Мянганбаяр “Анод”-оос их хэмжээний мөнгө зээлээр аваад төлөөгүй л байгаа. УИХ-ын гишүүн Дамба-Очир ч бас тус банкыг анх байгуулахад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дараа нь сонгуулийн үеэр дөрөв, таван тэрбумаар нь зээл авч байсан гэдэг. Харамсалтай нь тэд нар өнөөдрийг хүртэл “Анод”-д нэг ч төгрөг буцааж төлөөгүй. Зарим эх сурвалжууд “Бусад улс төрчид нь ч төлөөгүй байгаа” гэж байна. Үнэн болов уу.

            Энэ бүхнээс харахад Н.Даваа нарын хүмүүс өглөгч, бас ихээхэн өрөвч сэтгэлтэй хүмүүс бололтой. Хувьцаа худалдаж авсан хүмүүсийн өмнө тэд буруутай нь бас үнэн. Гэхдээ энэ буруу нь дээрх мөнгө зээлээр аваад өгдөггүй хүмүүсээс хамааралтай байхыг тооцож үзэх л ёстой.

            Аймшигт алуурчин Б.Эрдэнэбилэгийг хоёр жилийн өмнөөс батлан даалтанд гаргаж болоод байжээ. Алуурчинтай “найр” хийсэн мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудыг одоо Н.Давааг албаар буруутгах гээд зүтгээд байгаа мэт сонин хүмүүстэй харьцуулаад үзье л дээ. Цаад мөн чанар нь яг адилхан байна.

            Н.Даваа өнгөрөгч хавар хоригдохынхоо өмнөхөн нэг удаа “Энэ С.Баяр гэдэг хүнийг би уг нь их гайгүй улс төрч юм болов уу гэж боддог байсан. Гэтэл ёстой адгийн амьтан, тун өчүүхэн хүн байна” гэж хэлж байлаа. Ер нь үг дуу цөөнтэй, шаардлага гарвал нэлээд бодож тунгаасны эцэст үгээ хэлдэг түүний С.Баярын талаарх энэ үнэлэмж улс төрийн их хэлмэгдүүлэлтэнд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрүүдэд өөрийн эрхгүй санаанд тод буугаад ирлээ. Тэр юу хэлчихсэн хэрэг вэ. Арай улс төрийн захиалагч нь С.Баяр тул би шоронд хоригдохоос аргагүйд хүрлээ гэсэн юм болов уу. Магадгүй л юм. Бас эргэлзэх зүйл бий. С.Баяр бол Н.Даваагийн Зэвсэгт хүчний офицерийн албан зүтгэж эхэлсэн залуу насных нь танил яах аргагүй мөн. Тэр цагт С.Баяр Батлан хамгаалах яам, цэргийн сонины ажилтан, стратегийн судлаач зэргийг хийгээд харайж явсан. Энэ талаас нь үзэхэд тэгтэл хатуурхаад баймгүй. Гэвч цаг өөр болж. Харийн зүгээс үлээх шунал тээсэн хар салхинд С.Баяр нь хүнээ алдчихсан байх талтай. Тиймээс Н.Даваа түүнд голдоо ортол гомдсон ч юм билүү. Юутай ч өнөөдөр түүнийг улс төрийн захиалгаар шоронд хорьсоор байгаа нь үнэн ажээ. Захиалагч нь С.Баяр, эсвэл түүний ойр хавьд эргэлдэж байгаа болов уу.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top