Шүлэг: Чулуун уй /Д.Нямаа/

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 02

 

Данзангийн Нямаа 

Д.Нямаа 1957 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт төржээ. Нутагтаа бага, дунд сургууль төгсч 1980 онд МУИС-ийг дүүргэсэн. Д.Нямаа МҮЧЗХ-ны гишүүн. Уран бүтээлийн ажлаа 1980-аад оноос эхэлж анхны номоо "Алс цагийн аяс" /1986/ гаргаснаас хойш "Голын анир” /1992/ "Нарны алга” /1993/ "Өргөл аялгуу" /1998/ "Амрагийн өргөл" /1998/ "Он жил урсана" /2001/ "Есөн намрын огторгуй" /2003/ зэрэг номууд уншигчиддаа барьж, "Айдас" /1997/ драмын жүжиг, "Хадагтай ембүү" хамтын /1998/ уран сайхны кино нь тайз дэлгэцнээ гарчээ. 

Сэтгүүлч, яруу найрагч Дан.Нямаа шилдэг уран бүтээл туурвисны учир 1993 онд МҮЭ-ийн нэрэмжит шагнал, 1997 онд МҮЧЗХ-ны нэрэмжит шагнал, 1999онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал тус тус хүртжээ.

Чулуун уй

Чухамдаа минийхээс илүү, дутуу нь ямар бол доо

Чулуунд мэдээж уй гуниг байдаг л байх даа

Ямартаа л хээр талд сэвтэж, цавтталаа

Амартаа л ямар хэвтэж байв л гэж үү дээ

Хөлтэй бол явахсан гэж

Хэлтэй бол ярихсан гэж

Дуулдаг ч билүү

Уйлдаг ч билүү

Яаж мэдлээ дээ

Хэн нэгнийг онож шидэхээр би

Хээр холоос чулуу өвөртөлж явсангүй ээ,

Бэлийн чулууг овоонд нэмж

Өлийн даваанд залбирч явлаа л...

Яагаад ч юм мэдэхгүй, заримдаа

Чулуу шиг хүнд бодолд даруулж

Яг л чулуун хүн шиг болном,

Чулуужсан зүрх сэтгэлдээ даснам,

Чулуужсан зүрх сэтгэлдээ дасахаар

Чулуунаас ч дор хүн чулуу болном

Хөлтэй мөртлөө ирэхгүй,

Хэлтэй мөртлөө ярихгүй,

Өчнөөн олон тэнүүл эрс

 Хичнээн олон чулуун үрс

Санасан ээжээ зорихгүй

Унасан нутгаа санахгүй

Харшаар юунд гэрээ сольном бэ гэж

Дарсаар юунд биеэ зольном бэ гэж

Уйд автахдаа би

Уйлсан эхийн сэтгэл болном за

Энэлэн шаналахдаа би

Эзгүйрсэн нутгийн толгод болном за

Толин дүрст хугацаа

Толгойг нь цавчсан

Хөдөөх хөх талын

Хүн чулуу болном за

Өрц гашуун уйтгартаан

Зүрхэн гүндээ шаналж

Өвгөн наст агч шиг

Сарны сүүдэр нөмөрнөм дөө

Чухамдаа минийхээс илүү, дутуу нь ямар бол доо

Чулуунд мэдээж уй гуниг байдаг л байхдаа

Ямартаа л хээр талд сэвтэж цавтталаа

Амартаа л ямар хэвтэж байв л гэж үү дээ...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аагий(119.40.97.74) 2015 оны 01 сарын 16

Гуниг баяраа хаанаас авсан юм бол ... гээд сайхан шүлэгтэй ш дээ, Би өөрт нь олоон жилийн өмнө энэ шүлгийг нь Нямаа гуйд уншиж өгөхөд Радто дээр ирээд ном аваарай гэж билээ, Дан. Нямаад амжилт хүсье,,, Бас Гавьяат болсонд нь бас баяр хүргэж байна. Яг анирхан шувуу шиг бичдэг шүү, найрагч даа,,, 2-лаа дахиад таарнаа... ААК

0  |  0
Top