Хог түүдэг хүн 5000 мянган төгрөгнөөс татгалзаж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байрныхаа гадна хогийг өөрөө цэвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 03

  Ядруухан амьдралтай хог түүж амиа тэжээдэг хүн  мөнгөнөөс татгалзаж амрахаа илүүд үздэг цаг Монголд иржээ.  Хууль батлан, улс орны цаашдын хөгжлийн төлөө санаа тавих ёстой  УИХ-ын гишүүн байрныхаа гадна талын хогийг өөрөө цэвэрлээд эхэлчихсэн байна цаана чинь. Үүнээс харахад Монголын нийгэм үндсээрээ өөрчлөгдөж байгаа бололтой.  Тодруулбал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн амьдардаг байр хогондоо дарагдаад их л муухай болсон юм байх. Энэхүү байдалд санаа нь зовсон гишүүн халааснаасаа 5000 мянган төгрөг гарган хажуугаараа өнгөрч явсан хог түүдэг хүнд энэ хавийг цэвэрлээд өг. Үүнийг өгье хэмээхэд цаадах нь “Өнөөдөр би амарч байгаа” хэмээгээд мөнгийг нь авалгүй цааш явжээ. Бүр хүний урманд хяламхийсэнгүй гэнэ шүү. Тэгэхэд гишүүн маань шууд л ханцуй шамлан гартаа бээлий хийж байгаад л өөрөө  хог цэвэрлэж гарчээ.  Яг энэ үед  өөр нэг хог түүдэг хүн ирсэн аж. Энэ хавийг цэвэрлэлцээд мөнгө авах уу гэтэл “Тэгье, 2000-ыг өгчих” гэсэн байна.  Хамтрагчтай болж авсан Тэмүүжин гишүүн түүнтэй  зэрэгцэж суугаад газраар нэг хөглөрсөн хогийн цэвэрлэнгээ  дотно  яриа өрнүүлсэн аж. Ярилцах явцдаа өөрийг нь УИХ-ын гишүүн гэдгийг нь таньсанд баярласан Х.Тэмүүжин  хуучин нойтон хувцас хунараа сэтгэл гарган өгсөн байна. Нөгөөх нь ч гуяа алгадан баярлаад гишүүнийг орхиод  явчихжээ. Шаварт унасан шарын эзэн хүчтэйг харуулан ганцаараа  эрхэм түшээ  үргэлжлүүлэн цэвэрлэсээр байв. Ийн байрны гадаах их цэвэрлэгээг тун давгүй хийж байтал хүүхдээ дагуулсан нэгэн эмэгтэй хажуугаар нь өнгөрч яваад , “Маргааш сургуульдаа явахгүй бол энэ хүн шиг хог түүдэг хүн болно шүү” гэж  эрхэм гишүүнийг маань жишсэн гэнэ шүү.  Яг тэр үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин  мөлхөх шахчихсан хог  түүгээд ухнатаж байжээ.  Хүүхдүүд  хэрвээ хичээлээ сайн таслах юм бол Х.Тэмүүжин гишүүн шиг хог  түүдэг УИХ-ын гишүүн болох юм байна л даа.

Ийнхүү хог цэвэрлэсэн талаараа  Х.Тэмүүжин гишүүн FB-тээ  бичсэн байна.

Б.Эрдэнэ.



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top