Айлчлалын хөлд дарагдаж төрийн томчууд завгүй, айхавтар замын түгжрээг нь улам нэмэгдүүлсэнд иргэд маань бухимдуу хэдэн хоногийг үдлээ. Олон орны зочид төлөөлөгчдийг хүлээн авсаар ядарсан манай төрийн түшээд сүүлдээ бүр такси бариад зочдоо тосдог болсон гэх. Гадаад хэргийн сайд Д.Занданшатар “Чингис хаан” онгоцны буудал оръё гээд Нисэхийн зам дээр гараа чилтэл зогссон гэнэ. Дээрээс нь нэлээн ууртай гэж байгаа. Арга ч үгүй биз. Чухал зочин хүлээж авах гэж байхад машин тэргээ бэлэн байлгаагүй жолоочтойгоо хариуцлага тооцохоо хатуу сануулаад хаалгаа хүчтэйхэн хааж гараад зам дээр гар өргөн зогсоо нь тэр. Сүүлийн үед таксинд гар өргөж сууна гэдэг хэн хүнд олдохгүй ховор аз завшаан болсон. Хаа хол Нисэхийн замд байтугай хотын төвд ч такси нүдний гэм билээ. Яалт үгүй цаг нартай хойно ямар эвдэрхий машинд суугаад байлтай биш. Техник бол санаан зоргоор зохицуулж болдог эд биш. “Би том сайд байна. Гадны том даргыг тосох гээд явж байна, эвдэрвэл чамайг даа..” гэж зандраад ч нэмэргүй. Финландын ерөнхийлөгч хатагтайн онгоц буух гээд байхад сайд албаны машинаараа очно уу, такси бариад очно уу хамаа алга. Хамгийн гол нь цагтаа л амжих нь чухал. Чухам ийнхүү санасаар такси хөлөглөн очоод ямар ч байсан хоцроогүй гэнэ. Төрийн чухал даалгаврыг иргэний зориг гарган биелүүлсэн гадаад хэргийн сайд маань харин Такси-Зандаа гэсэн шинэхэн хочтой болсон гэнэ шүү.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )