Яруу найрагч Сумъяагийн Амартайван шинэ жишиг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 03

Түүхт олон ой давхцаж шагналын хур буусан энэ жилийн наадам араасаа олон бага наадам, найр цэнгэлийг дагуулсны сүүлчийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, яруу найрагч С.Амартайван мушгив. Тэрээр тал нутагтаа өвөрмөц найр, жишиг наадмыг зохион байгууллаа. Найр, наадам болгон өөрийн учир утга, тухайн нутгийн ёс заншлыг илэрхийлж байдгаараа онцлог. САмартайван найрагч түүхт ойн жил "Алтан гадас" одонгоор энгэрээ мялааж, нутгийн зон олон, ах дүү садан, анд нөхөдтэйгөө баяраа хуваалцсан нь энэ. Түүнийг очиход ус нутгийнхан нь наадмын дэнжид гэр, асар хэдийнэ барьчихсан найрын эзнийг хүлээж байсан юм. Нутаг усныхаа нэрийг гаргаж яваа найрагчийн баяр энэ нутгийнхны баяр байдаг бол нутаг ус, нэг голынхны нь аж амьдрал, ололт амжилт С.Амартайван найрагчийн сэтгэл зүрхэн дундуур урсч байдгийг тэндээс харж болохоор байлаа.
Сүхбаатар аймаг, тэр дотроо Эрдэнэцагаан сум олон Амартайвантай. Амартайвангууд бүгдээрээ шүлэг бичдэг. Энд өгүүлж буй Сумъяагийн Амартайван найрагчийг уншигчид "Чоно голын унага" номоор нь андахгүй. Сүүлийн үед нийтийн дууны уран бүтээлд цахиур хагалж яваа нэгэн. "Олөнтой явсан аав", "Наран мандах нутаг", "Ай, Сэлэнгэ" зэрэг дуунд дуртай Монгол түмний дунд хит болсон дуу олон бий. Тэрээр уран бүтээлийн замд хос морь хөлөглөглөсөн сэтгүүлч. "Шинэ Сүхбаатар" сониныг 11 дэх жилдээ эрхлэн гаргаж байна. С.Амартайвангийн аав Гончигийн Сумъяа гэж моринд хорхойтой, ус нутагтаа алдартай адуучин хүн байв. Орост цэргийн нисэхийн сургууль төгсч, мэргэжлээрээ ажиллаж байсан С.Амартайван нэг л өдөр шунгинадаг цагаан онгоцоо мориор сольж, аав ээжийгээ асрахаар нутагтаа ирснээс хойш адуутай нөхөрлөж яваа. Төрийн түмэн эх Дүүгүүр саарлаас эхлээд энэ жилийн улсын баяр наадмын түрүү Өнөрбаянгийн хээр гээд хурдтай, угшилтай дөмөн хүлгүүд тэдний унаган адуунаас төрж, аймаг, сумын-хаа нэрийг гаргаж яваа билээ.  Найрын эзэн өөрөө ийм олон талтай, олон ч нөхөдтэй. "Алтан гадас"- ын найрт уригдсан зочид газар, газраас цугласан янз бүрийн салбарынхан байв. Соёлын тэргүүний ажилтан дуучин Л.Банзрагч, Л.Баяр-Эрдэнэ, А.Мөнхбат, "Соёл Эрдэнэ" хамтлагийн дуучин Б.Цогдэлгэр тэргүүтэй уран бүтээлийн найзууд нь найрын дугараа барьж, Эрдэнэцагаанчуудын оюуны цангааг тайлсан сайхан тоглолт хийж, шүлэг уншсан найргийн гал ын дэргэд ч, хүлэг ярьсан хийморийн замд ч хамтдаа дөрөө Харшуулдаг яруу найрагч Ай.Төмөр-Очир Дарьгангаасаа зорин ирж "Төрийн жавар үргээсэн төмөр найраглал"-аа уншиж олны сонорыг мялаав. Улаанбаатараас "Сэлэнгэ пресс"-ийн захирал М.Болд тэргүүтэй гэр бүлийн найзууд, Эрдэнэтээс зохиолч, яруу найрагч Б.Баясгалан, "Уурхайчин" соёлын ордны дарга Г.Туяа, "Бөхөн" комнанийн захирал М.Түмэннаст нарын нөхөд нь, Сүхбаатар аймгаас Спорт хорооны, дарга Ш.Энх-Амар, "Бодь даатгал" салбарын захирал Я.Батдэлгэр, унаган нутгийн найз Д.Ган-Эрдэнэ тэргүүтэй 10 жилийн нэг ангийнхан, багын найзууд нь зорьж очсон юм, Сүжбаатар аймаг адууны орон гэгддэг ч айраг исгэдэггүй. Харин С.Амартайвангийн найр айргаар бялхсан учир иь Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас түүний найз, сумын заан Ж.Батзориг гэр бүлийнхээ хамт айргаа ачаад мянга гаруй км давхиж очсон юм. Тонн гаруй айраг ачаад хол нутгаас ирсэн зочдын буянаар Эрдэнэцагаанчууд, хуран цугласан наадамчид өнжин хонон айргаар бялхаж найрласан нь найрын нэгэн сюрприз байв.
С.Амартайван 2002 онд яруу найргийнанхны түүвэр "Чоно голын унага" номынхоо хуримыг мөн л өсч төрсөн нутагтаа зохион байгуулж, урлаг соёлынхныг урин залж нутгийн олонтойгоо баяраа тэщэглэж байсан юм. Энэ удаа хоёр насны морь уралдуулж, эхний 30 морийгбайлж, уяач, унаач хүүхдүүдийг баярлуулсан бол сумандаа хурдан морины гарааны төхөөрөмж бэлэглэлээ. Хурдан буяны нутаг Эрдэнэиагаан сумынхан үүнээс хойш морь будлих вий гэж санаа зовохгүй наадмаа төвшин сайхан хийдэг болох нь хэмээн ярилцаж байсныг бодоход аргагүй л хамгийн хэрэгтэй, бас өвөрмөц бэлгийг өгчээ гэж бодогдсон. Нармандах зүгийн энэ ард түмэн нутгийн хүү С.Амартайвандаа аль байдгаа барьдаг ажээ. Хамгийн нандин халуун итгэлээ барьж хэдэн сонгууль
дараалан аймгайн ИТХ-д  сонгосон  бол нутагтаа очиход нь найман настай балчраас наян настай  буурлууд хол ойрын сонин сонсохоор зорьж ирдэг аж.
"Алтан   гадас"-ын найрын зочид найрагч анддаа олон янзын бэлэг бэлдэж очсон байна лээ. Тэр дотроо хурдан удмын адуу зүсэлсэн нь олон. Аймаг, сумын алдарт уяач Г.Бөхчулуун тэргүүтэй нутгийн залуус наадмын талбай дахь төв асрын өмнө гэнэтхэн морь хөтөлж гарч ирээд гардуулсан нь ч цөөнгүй. Найрын үеэр Эрдэнэцагаан сумын
Засаг дарга Ө.Батсайхан С.Амартайван найрагчид хүндэт  жуух  бичиг гардуулсан бол аймгийн залуучуудын холбоо 90 жилийн ойн медалиар шагналаа.
Найр наадам өндөрлөхөд С.Амартайван найрагч найз нөхдөө Эрдэнэцагаан сумаас баруун хойш Зотолханы ар Харгилтайн гол орчим зусч байгаа дүү С. Нэргүйгийндээ урьсан юм. Адуун дээрээ очиж найз нөхөддөө хурдан удмын адуу оосорлож гардууллаа. Мөн зочдын заримыг Алтан-Овоо, Шилийн Богд, Талын агуй хүртэл гаргаж өгч үдлээ. Найр наадам олширсон өнөө үед хүн болгон шахам шагналын мялаалга, цолны найр хийж байгаа. Гэхдээ С.Амартайван найрагч найр, наадамд шинэ жишиг тогтоолоо гэх хүн олон байна. Айргаар бялхаж, ая дуугаар аргадаж, хурдтай буянтай нутгийнхандаа хамгийн хэрэгтэй, эрэлттэй зүйлийн нэг хурдан морины уралдааны гарааны төхөөрөмж бэлэглэсэн нь С.Амартайван найрагчийн "Алтан гадас"-ын мялаалгын найрын жишиг бас хаялга байлаа. Тал нутгийнхны өвөрмөц ёс уламжлалыг сурталчилсан, монгол найрт шинэ хандлагд авчирсан ийм нэгэн жишиг найр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд боллоо.

Эх сурвалж: Өөр мэдээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(150.129.140.124) 2015 оны 09 сарын 29

Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? ..сонин сайхан юутай байна..ажил алба сайн биз дээ..

0  |  0
Top