Жүжигчин Д.Баттөмөр: Чимэг болсон гоё үгийг яг зохимжтой үед нь хэлбэл их түгдэг юм билээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 03

 

Хошин урлагийн Батаа гэх нэр аль хэдийнэ олны танил болжээ. Зүгээр ч үгүй “Бондгор”, “Банш”, “Бууз” гээд хүмүүс түүнийг хочилдог болж. Батаа ч хочиндоо дассан бололтой “Яах вэ, хацар томтой болохоор л тэгж байхгүй юу” гээд тоох шинжгүй. Тэрээр сүүлийн үед “Учиртай гурав” киноны Балганы дүрд тоглоод тун завгүй явна. Энэ удаад “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Д.Баттөмөрийг урилаа.

 

 

Батаа Балган шиг хайр сэтгэлдээ үнэнч

-Балганы дүрд тоглож байгаа гэсэн.  Завгүй л гүйгээд байна уу?

-Энэ зун хоёр ч кинонд тоглолоо. Саяхнаас зураг авалт нь дуусч хамтлагийнхаа уран бүтээлд орсон. Шведэд амьдарч байгаа нутаг нэгтнүүддээ зориулан нэг кино хийсэн. Тэнд сар орчим болж, Шведийн жүжигчидтэй хамтран  тоглосон. Мөн "Учиртай гурав" киноны Балганы дүрд тоглолоо. Сонгодог зохиол учраас дүр дээр ажиллахад сайхан санагдсан. Маш их зүйл сурлаа.

-Балганыг ямар дүр вэ гэдгийг хүн бүхэн мэднэ. Батаагийн зан ааш Балгантай төстэй болов уу? 

-Үгүй дээ /инээв/. Балган бол баян язгууртан айлын өв залгамжилсан хүү. Хүмүүсийг ялгаварлаж харьцдаг, их сэхүүн хүн. Харин надад тийм зүйл байхгүй. Ах дүү гэж хуваадаггүй, баян ядуу хэмээн ялгадаггүй. Батаа байгаагаараа л байдаг. Кинонд тоглож байхдаа зохиолч яагаад "Учиртай дөрвөн толгой" гээгүй юм бол гэж бодож байлаа. Балганыг их өмөөрч тоглосон, зохиолын гол баатар шиг л дүр байсан даа. Кино гараад эхлэхээр Балганд дургүй, түүнийг үзэн яддаг хүмүүсийн бодол өөрчлөгдөх байх. Нээрээ түүнд Батаатай адил зүйл нэг байгаа юм байна.

-Тэр нь юу юм бэ? 

-Хайр дурлалынхаа төлөө тэмцдэг, үнэнч байдал. Батаа ч нэг хайрласан бол түүндээ үнэнч байж чаддаг шүү.

-Таны гэргий тантай их төстэй юм билээ. Хүн бүхнээс ийм үг сонсдог байх?   

-Тийм ээ. "Та хоёр ихэр юмуу", "Заяаны хосууд адилхан" гээд л хүмүүс ярьдаг.

Эхнэртэйгээ адилхан гэж суугаагүй, сайхан хайраар л учирлаа. Хань минь арын сайхан хангай нутгийн охин. Харин би өврийн сайхан хангайнх. Холбоо нутгийн хүүхдүүд гэр бүл болж, сайхан л амьдарч байна.

-Та хоёр яаж танилцсан юм бэ?

-Гэр бүлийнхээ талаар яримааргүй байна. Эхнэр минь дургүйцэж мэднэ. Ямар ч гэсэн залуу хосын туулдаг бэрхшээл, сайн сайхан бүхнийг дайрч л яваа.

 

Амьдралдаа алтан дунджийг барьдаг

-Жүжигчид дуулах, бүжиглэх гээд бүх талын авьяастай байдаг. Харин Батаа юунд нь маруухан бэ?

-Өө, бүгдэд нь сайн. Шүлэг л бичиж чаддаггүй юм. Ер нь би найранд гурван дуутай, наадамд гурван даваатай хүн. Онгирч байгаа юм биш шүү. Би онгирч өөрийгөө магтах дургүй. Бас тийм ч ноомой хүн биш. Амьдралдаа алтан дунджийг барьдаг. Манай хамтлагийнхан жилд 3-4 том хэмжээний тоглолт хийж байна. Бүгдэд нь л тоглоно. Тийм болохоор дуулж, бүжиглэхдээ сайн шүү. Саяхан "Рашаантын 18" киноны дууг дуулсан. Нэгэн цагийн залуусыг уяраан хөглөж байсан "Хонх" хамтлагийн тэр дууг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Уг нь дуугаа мэргэжлийн  дуучдаар дуулуулах саналтай байсан. Кино багийнхан маань намайг дуулсан нь дээр гэж зөвлөснөөр чадан ядан дуулсан.

-Дандаа л хөгжилтэй, гэнэн томоогүй дүрд тоглож харагддаг. Тэр нь ч танд зохидог юм шиг?

-Тийм ээ. Миний зан төрхтэй ч таардаг болохоор ямар нэгэн хүндрэл гардаггүй. Ориг Батаа гэдэг чинь л тэр. Одноо эгчийн найруулсан "Миний хөрш чөтгөр" кинонд Буджав гэдэг дүрд тоглосон. Тэр дүр надтай их төстэй. Бүтэлгүй, тэгсэн хэрнээ бас уйгагүй зүтгэдэг залуугийн дүр. Гадаад хувцаслалт имиж гээд л. Ямар сайндаа зураглаач маань "Энэ Буджав эрүүл хүн биш байх аа" гэж хэлж байх вэ. Батаа ч амьдрал дээр бужигнуулна шүү.

-Ер нь хошин урлагийн жүжигчдийг хүмүүс амьдрал дээрээ ч хөгжилтэй   хүмүүс   гэж ойлгодог. Багадаа ямар хүүхэд байсан бэ? 

-Би Өвөрхангай аймагт арван жил төгссөн. Багадаа ч  их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Юм юманд оролцож, сайн ч нэр зүүж явсан. Манай гэрийнхэн бүгд хуулийн байгууллагад ажилладаг. Би өөрийгөө хуульч, эсвэл цагдаа болно гэж боддог байсан. Нээрээ мундаг бүжигчин байлаа. Театрын найруулагч Г.Баатар "Жүжигчний хуваарь ирж байна. Чи очиж шалгалт өгөх үү" гэхэд нь тэгье гээд Соёл урлагийн сургуульд шалгалт өгч тэнцэж байсан даа. Тэгээд анхнаасаа л надад хошин урлаг зохих юм шиг санагдаж, "Эрхэм илч" нэгдлээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Батаа байгаараа л байхыг хичээдэг. Амьдрал дээрээ ч хөгжилтэй, хүмүүстэй сайхан мэндэлчихдэг. Их зан гаргая, тэр хүнтэй тэгж харьцая гэж боддоггүй. Их гэнэн, цайлган, хамтлагийнхан маань ч тэгж л дүгнэдэг.

-Анхны тоглолтод их сандарч байсан уу?

-Сандралгүй яахав. Дөнгөж төгсчихсөн, туршлагагүй "шинэков" жүжигчин тоглолт эхлэх үед жижиг дүр дээр хүртэл сандардаг. Эхлээд будилах явдал их гарна. Үзэгдэл бүрт хувцсаа солих хэрэгтэй. Эхний гарааны хувцсаа солиод хоёр дахь гарааныхаа хувцсыг солих ёстой байтал гурав дахь гарааныхаа хувцсыг өмсчихсөн тайзан дээр гарч гүйгээд л. Сандарсан хүнд үгээ мартах нэг аюул байна.  Энэ үед  хамт   ажилладаг  туршлагатай жүжигчид маань авч гардаг. Манай хамтлагийнхан хүнийг дэмжиж чаддаг, гар нийлдэг хамт олон гэж боддог. Сая наадмаар хоёр дахь гавьяатаа өлгийдлөө.

-Аглуу ахыг гавьяат авахад би ч хэзээ нэгэн цагт авна даа гэсэн бодол төрж байв уу?

-Үгүй ээ. Ёстой тэгж бодож байгаагүй.

-Таныг "Мөн үү" гэдэг үг олны танил болгосон гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?

-Бид шинэ жилийн баяраа нэг газар тэмдэглэж байхад тэндхийн менежер нь энэ үгийг байнга хэлээд байсан. "Та нар дуулах нь мөн үү. Ийшээ орж хоол идэх нь мөн үү. Тайзан дээр одоо гарах нь мөн үү" гээд л. Энэ нь надад сонин санагдаж баахан дууриаж хэлж билээ. Тэгээд л энэ үгийг хөгжилтэй, хошин маягаар хэрэглэсэн. Тэр рекламны дараа намайг гудамжинд явахаар "Мөн үү" гэж дууддаг байсан. Чимэг болсон гоё үгийг яг зохимжтой үед нь хэлбэл их түгдэг юм билээ. Харин хүчээр нэг үгийг хит болгох гээд байвал болдоггүй. Хүмүүс "Та үг моодонд оруулаад байдаг. Энэ үгийг нэг хит болгооч" гэж ирдэг. Мөн сүүлийн үед рекламанд тоглооч гэсэн санал их ирж байна. Би татгалзаж байгаа. Юм бүхэнд гараад байвал үнэ цэнээ алдана шүү дээ.

 

Жингээрээ хоёр ахынхаа дор зогсдог

-Олон кинонд тогложээ. Урилгыг нь яаж хүлээн авдаг вэ. Зохиолыг нь хардаг уу. Хийж буй уран бүтээлчдийг нь үү?

-Хамгийн эхлээд зохиолыг харна. Таалагдаж байвал тоглодог. Үгүй бол шууд л "Тоглохгүй ээ” гээд хэлчихнэ. Ер нь аливаа уран бүтээлийн үндэс суурь нь их чухал санагддаг.

-Та од мөн үү. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Од гэдэг тэнгэрт байдаг. Би бол газрын хүн. Хүмүүс нэгийгээ од гэж хөөрөгдөөд л, нөгөөх нь ч тэнгэрийн амьтан болчихсон юм шиг л явдаг болжээ.  Энэ надад нэг их сайхан санагддаггүй. Харин олны танил гэвэл болж байна. Айл гэрийн хойморт байдаг цэнхэр дэлгэцээр гарч үзэгчдийг инээлгэж сэтгэлийн цэнгэл эдлүүлж яваа болохоор сайхан санагддаг. Хүнд инээд бэлэглэнэ гэдэг их том буян байдаг. Тэр буянаар сайн сайхан явж байна.

-Үзэгчид таныг "бондгор", "банш" гээд л хочлох юм. Эвгүй санагддаг уу?

-Уг нь миний нүдтэй холбож хоч өгдөг байсан больчихжээ. Нэг хэсэг нүдэн гэдэг хочтой байлаа. Хоч гэдэг тийм муухай зүйл биш болохоор юунд нь  эмзэглэх вэ.

-Сүүлийн үед жин нэмээд байгаатай ч холбоотой хоч байх л даа?

-Би тийм тарган гэж үү. Уг нь жингээр хамтлагийнхаа  хоёр ахын дор л зогсдог юмсан. Хацар томтой болохоор л бондгор харагддаг байх гэж бодоод байгаа.

-Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Эх сурвалж: Амралтын шуудан сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нараа(202.9.43.195) 2016 оны 12 сарын 03

Солонгос Хятадын муу жүжигчид шиг хуурамч тоглолттой муу жүжигчин реклам сурталчилгаанд тоглож яахав амьдралтайгаа явсаар дуусах байх

0  |  0
Нараа(202.9.43.195) 2016 оны 12 сарын 03

Солонгос Хятадын муу жүжигчид шиг хуурамч тоглолттой муу жүжигчин реклам сурталчилгаанд тоглож яахав амьдралтайгаа явсаар дуусах байх

0  |  0
2222(202.179.8.82) 2013 оны 05 сарын 23

сайн явах гэж зүтгэж байгаа нэгнийгээ урмаар тэтгэж суралдаа манайхаан.

0  |  0
Top