Согтуу Монголын эмэгтэйчүүд гэмт хэргийн золиос болсоор байна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 03

Монгол дахь эрүүгийн гэмт хэргийн нөхцөл улам хүнд болсоор байна. Орой бүхэн телевизээр энэ тухай мэдээ сонсож буй хүмүүс сүүлдээ дөжирч байх шиг ээ. Аллага хэтэрхий зэрлэг, сэтгэл сэрдхийлгэм аймшигт хэлбэрүүдээр үйлдэгдэх боллоо. Үүний шалтгааныг мэргэжлийн судлаачид олон талаар тайлбарлаж байгаа. Архидалт хавтгайрч, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тоо өсч буй нь нөлөөллийн нэг тал нь бололтой. Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлтээр манайх дэлхийд тэргүүлж байна. Хүн амынхаа тоонд харьцуулаад харахаар нэг хүнд 80 орчим литр архи, спирт оногдож байгаа нь гамшиг биш гэж үү. Архи, спитрийн үйлдвэрлэлтийг хязгаарлах талаар яриад нэмэргүй болсон гэнэ. Яагаад гэхээр энэ төрлийн бизнесийн орчин бүхэлдээ цөөн тооны улс төр, бизнесийн бүлэглэлийн гарт орсонтой холбоотой гээд зарим эрхмүүд хөдөлж ч чадахгүй сууна. Тэд нараасаа айгаад байгаа бололтой. Хууль зүй дотоод хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь үүнийг зохицуулах ёстой ч өнөөх бүлэглэлийнх нь эрхшээлээс бас гарч чаддаггүй ажээ. Энэ бол бичиглээчийн хувийн явцуу дүгнэлт гэж бүү бодоорой, та минь. Албан ёсны судалгааны байгууллагууд болон Эрүүл мэндийн яамнаас ийм дүгнэлт хийжээ. Гэмт хэргийн 80 гаруй хувь нь согтуугаар үйлдэгддэг. Үүний гол хохирогчид нь эмэгтэйчүүд байдаг байна. Энд зөвхөн сүүлийн хоёрхон сард болсон онц ноцтой хэргүүдээс өгүүлье. 
    Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан давааны хогийн цэгээс өнгөрсөн сарын 16-нд 40 гаруй насны үл таних эмэгтэйн цогцос олдсон тухай гашуун мэдээг та  лав сонссон байх. Цагдаагийнхан уг цогцост шинжилгээ хийгээд үзтэл эмэгтэйг 70 гаруй удаа хутгалж алсан байлаа. Энэ бол онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн явдал юм. Хэргийг  мөрдөн шалгах ажиллагаа одоо болтол үргэлжилж байна. Харин мөрдөн шалгагч нар хохирогч эмэгтэй нь 42 настай, тус дүүргийн нутагт амьдардаг, Сансарын клонкийн ойролцоо хувиараа бизнес хийдэг нэгэн байсныг тогтоожээ. Мөн талийгаач нөхөр, гурван хүүхдийн хамт амьдарч байсан гэнэ. Энэ хэрэгт хэд хэдэн хүнийг сэжиглэн шалгасан боловч одоогоор жинхэнэ эздийг хараахан олж чадаагүй байна.
    Мөн энэ сарын 1-нд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” олон улсын худалдааны төвийн урд талын төмөр замын жалганаас 23 настай эмэгтэйн цогцсыг цагдаа нар олжээ. Талийгаачийн цогцсыг олох үед түүний гадуур хувцас байхгүй байв. Түүнчлэн биед нь үзүүртэй зүйлээр сийчихийг завдсанаас өөр шарх сорви бараг үгүй байж. Талийгаач “Нарантуул” зах дээр цахилгаан бараа зардаг байсан гэнэ. Тэрээр хэрэг гарах өглөө ажилдаа ирээд машинаасаа юм авахаар яваад эргэж ирээгүй байна. Хамт ажиллагсад нь “Талийгаачийг Жаргалсайхан гэдэг. Зах дээр дүүтэйгээ хамт цахилгаан бараа зардаг байсан. Их даруу зантай, томоотой, архи тамхи хэрэглэдэггүй эмэгтэй байсан” гэжээ. Энэ хэргийн эзэд бас л олдоогүй байгаа юм.
    Энэ оны 8 дугаар сарын 1-нд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс эмэгтэй хүний толгойг тасдан хогийн саванд хаясныг цагдаа нар олжээ. Хэргийн мөрөөр шалгаж үзэхэд талийгаач эмэгтэйг “Б” гэдэг байсан бөгөөд тус хорооны Алтайн гудамжинд амьдарч байсан байна. Харин цагдаа нар хэрэг үйлдэгдсэнээс хойш долоохон цагийн дараа анхны сэжигтэнг олж баривчилсан юм. Эмэгтэйг алсан гэгдээд байгаа залуу нь 37 настай Галаа гэдэг юм байна. Тэрээр анхны мэдүүлгээрээ эмэгтэйг алснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр “Найз бүсгүйгээ хардсан уурандаа амийг нь хороосон. Тэгээд айсандаа толгойг нь тасдан авч, хогийн саванд нуусан” гэжээ. Дэндүү харамсалтай. Ердөө л найз бүсгүйгээ бусадтай хардаад ийнхүү хөнөөж буй хүн бол яавч эрүүл биш байх. Эрүүл, хэрэг хүлээх чадвартай ч гэсэн түүний сэтгэцэд хүчтэй нөлөөлөх өөр бусад шалтгаан байсан ч юм билүү. Аймаар, жигшүүртэй явдал үүгээр дуусаасай билээ.
    Гэвч хүссэн ёсоор яаж дуусахав. Б.Эрдэнэбилэг гэгч эрийн онц ноцтой үйлдэл бас дахиад гараад ирлээ. Баянгол дүүргийн шүүхээс хүний амь хороосон, тэгээд тэрхүү талийгаачийнхаа ээжийг хүчирхийлж байсан хэргийг нь хоёр жилийн хугацаанд шийдээгүй байснаас энэ хэрэг гарчээ. Б.Эрдэнэбилэг нь хэргээ шийдүүлэхийн өмнөхөн дахиад нэг гэр бүлийн гурван хүнийг  зэрлэгээр хөнөөв. Та Zindaa.mn сайтаас энэ тухай мэдээллийг хайлтаар хайгаад уншаарай.
    Согтуу монголын эмэгтэйчүүд нь ийнхүү гэмт хэргийн золиос болоод дуусах юм шиг байна. Ядаж эрүүгийн хуулиа шинэчлэн найруулж, батлуулахдаа онц хүнд гэмт хэргийн иймэрхүү нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй болжээ. Наад зах нь Г.Батхүү мэтийн УИХ-ын зарим гишүүдийн гарт байгаа спирт, архины үйлдвэрүүдийг хааж, хязгаарлаад, хүн амаа архигүй орчинд амьдруулах цэгцтэй бодлого, үйл ажиллагааг сонгуулийнхаа сурталчилгаанаас илүү хүчтэй явуулах цаг болчихсон юм байна. Эс тэгвээс Америкийн индиануудын замаар орох нь ээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top