Шүлэг: Амьдрал хэмээх шаазан /Д.Сумъяа/

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 04

 

Доржпаламын Сумьяа 

Д.Сумьяа 1957 онд Завхан аймгийн Ургамал суманд төржээ. Ерээд оноос уран зохиол бичиж 1991 онд "Марал", 1995 онд "Сартуулын алаг толгод", 1995 онд "Уул усны зүүд" номоо хэвлүүлж "Нутаг амьтай аав" дуугаараа нэрд гарчээ. 1999 онд "Дарь эхийн магтаалын нээх утга" сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Тэр МҮЧЗХолбооны гишүүн юм. 

 

Амьдрал хэмээх шаазан 

Би чамд хайртай...

Би амьдралын шаазан

Бээмбээлсэн шавар сувигдаж

Биелгээ мэт гарт эргэсээр

Бигнүүрт зуухан улайсаж

Бийрийн үзүүр шунх татсаар

Эд нь хэврэг, эзэн нь мөнх гэж

Эерүү үгээр ерөөлгөсөөр

Эгэл шороо төрөл хувилж

Эрээн шаазан болов

Ур ухаан ширээсэн болохлоор

Уусан унданд ааг нэмнэ

Сэтгэлийн хөлсөөр зүлгэсэн хойно

Шүүс зоогонд амт нэмнэ

Бумбан аяганд хувь тэнцрэв

Буянт эзний заяа тэгшрэв

Хүний сэтгэл гэвч үймрүү

Хөвөрч нүүх үүл шиг хямруу

Бие сэтгэл сарниж салахын цагт

Бээлийтэй юм шиг гар аягаа алдав

Битүүхэн янхийх дуу гарахад л

Бэртсэн туулай шиг эзэн цочив

Хүний сэтгэл бас л далд салгуу

Хөвдийн түймэр уугих шиг ягуу

Хий гишгэх шиг сэтгэл хоёрдоход

Хиймэл юм шиг гар аягаа алдана

Нэгэн хоёр уналаа, гурав уналаа

Нимгэн аяга яахин тэснэ, бутарлаа

Хэдэн хэсэг болж хагарав

Хэнд ч хэрэггүй ам нь хайчлаа

Аагтай цайг насад алдахгүй

Алаг аяганы ам нь хайчлаа

Өрөмтэй хоолыг өнөд таслахгүй

Өнгөлөг аяганы үг нь яалаа

Хагарч бутрах нь аяганы буруу

Хатуу газар унагадаг нь гарын буруу

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(174.52.148.151) 2023 оны 04 сарын 04

Зөв зөв. Юм хэлсэн шүлэг юм

0  |  0
Зочин. (174.52.148.151) 2023 оны 01 сарын 14

Санаа ОК ОК

0  |  0
Top