Жулиан Ассанжегийн “Викиликс” сайт цөмийн хаягдал Монголд булшлах гэсэн гол эздийг илчлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 05


 

Монголд цөмийн хаягдал булшлах тухай шуугиан дуусаагүй байна. Японы “Майничи” сонин анх энэ оны 3 сарын 19-ны дугаартаа нийтэлснээс хойш дэлхийн хэвлэл мэдээллийнхэн Монгол руу анхаарлаа хандуулсан юм. Орос, Хятад, Америкийн нөлөө бүхий хэвлэлүүд сүүлийн хэдэн сарын турш энэ тухай бичиж байлаа. Монголыг цөмийн хаягдлын цэг болгох санаа УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд А.Ундраа нараас гарч Япон, Америкийн холбогдох хүмүүстэй уулзан албан бусаар ярилцаж байсан нь  тодорхой болоод байгаа юм. Үүнийг Монголын “Ногоон” хөдөлгөөнийхөн болон Японы “Ногоон” эвслийнхэн давхар нотолсон байна. Мөн их гүрнүүдийн төр засгийн нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг дэлхий нийтэд цацаж, шуугиан дэгдээж буй Жулиан Ассанжегийн үндэслэн байгуулсан “Викиликс” сайт энэ талаар нийтэлжээ. Тэдний мэдээлснээс үзвэл манай Цөмийн энергийн газрын удирдлагууд үүнд голлон оролцсон бололтой. Тус газрын дарга С.Энхбат Япон, Америкийн “андуудтайгаа” Монголд цөмийн хог хаягдлыг булшлах боломжтой талаар албан бус яриа хэлэлцээрийг хийж байсан гэнэ. Тэрээр саяхан үүнийгээ нуусангүй. Нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Албан бусаар энэ тухай ярилцсан нь үнэн. Хэвлэлд гарч байгаа зүйлээс харахад гол эздээс нь энэ асуудлыг над руу чиглүүлж байгаа нь анзаарагдаж байна” гэжээ. Эндээс бас л өөр нэг зүйл ажиглагдаж байна. Юув гэвэл түүнд хэн нэгэн том дарга үүрэг, чиглэл өгч байсан байж магадгүй. Түүнийг Засгийн газрын гурван удаагийн хуралдаанд дуудаад ирээгүй гэдэг. Сүүлчийн удаад нь тэр Засгийн газрын хуралдааны танхимын үүдэн дээр гэнэт бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Энэ бүхэн юу өгүүлээд байна вэ. Эдгээрт эцсийн хариултыг С.Энхбат өөрөө өгөх нь гарцаагүй болов бололтой.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top