Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд манай Зэвсэгт хүчнийхэн оролцох болсноос хойшхи 10 гаруй жилд Монголын нэр хүнд улам өссөөр байна. Саяхан Монгол улсад “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулагчдын томоохон хээрийн сургууль болж, тэнд оролцсон гадаадын цэргийнхэн нийслэлийн зарим эмнэлэг, сургуульд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлсэн юм. Тэгвэл одоо Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн Оросын Зэвсэгт хүчнийхэнтэй хамтран терроризмын эсрэг хээрийн сургууль хийж эхэлжээ. “Сэлэнгэ-2011” хэмээх нэртэй энэ сургуульд 500 орчим цэргийн албан хаагч, 200 гаруй байлдааны болон тусгай техник хэрэгсэл оролцож байна. Террорист халдлагад өртөхөөс хамгаалах, ийм халдлагын үед Зэвсэгт хүчин хэрхэн үүрэг гүйцэтгэх зэрэгт хоёр орны цэргийн албан хаагчид ийнхүү суралцаж буй ажээ. Уг хээрийн сургууль энэ сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна. Хоёр үе шаттай явагдаж байгаа энэ сургуулийн эхнийх нь өчигдөр Буриад улсын “Бурдуны буудлагын талбайд болж өндөрлөсөн бөгөөд дараагийнх нь Монголын нутагт явагдана гэнэ.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )