Майга хөлийг мэс заслын бус аргаар засах боломж бий юм байна. Энэ мэдээ ямар олон хүнийг баярлуулах бол?
Ийм хөлтэй төрсөн ялангуяа эмэгтэйчүүд сэггэл дундуур байдаг нь нууц биш. Хэдийгээр тэд өвчин зовлонгүй төрсөн ч гэлээ цаанаа л сэтгэлийн зовиуртай явдаг. Үеийн охид шиг богино банзал, өндөр өсгийт өмсч сэтгэл бардам алхаж чадахгүй. Хэрэв өмсөөд явбал бүх хүний доог болно.
Үгүй гэж үү?
Хөлийн майгыг тодорхой спортьн төрлөөр хичээллэн засч болдог гэдгийг тэр бүр хүүхнүүд мэддэггүй. Майга хөлийг эв эгцхэн болгоно гэдэг хэцүү ч хичээсний үр дүн гарах нь зайлшгүй. Танд дараахь дасгалууд тус болно.
О маягийн майгыг засах дасгал
Монголчууд голчлон ийм майга байдаг. Ийм хөлийг засахад уран гулгалт, гимнастик, туулай сэлэлтээр хичээллэх нь их үр дүнтэй. Мөн дараах дасгалыг хийхийг зөвлөе.
1. Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, өвдгөө нийлүүлэн 20 удаа дараалан суу.
2. Хивсэн дээр хөлөө жийгээд суу. Огцом түргэн хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд ихээхэн дарамт учруулж өлмийгөө гадагш нь хурдан хурдан эргүүл. (20 удаа)
3. Сөхрөн суугаад өлмийг гадагш хандуулан болж өгвөл өсгийгөө шаланд хүргэж суу. (мөн 20 удаа) Энэ цогц дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Хамгийн гол нь ачааллыг аажим аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй шүү.
X маягийн майгыг засах дасгал
Ийм хөлийг засах гол арга бол унадаг дугуйгаар явах, дугуй мэт жийдэг тренажер дээр байнга дасгал хийх явдал гэж мэргэжилтнүүд үздэг. Хэрэв боломжтой бол морь унаж байвал тун сайн. Усан санд явдаг бол “брасс” маягийн сэлэлт тус болно. Тэгээд доорхи дасгалыг өдөр тутам хийж байгаарай.
1. Дээс тоглож бай. Анхандаа 30 удаагийн үсрэлт хийх хэрэгтэй. Яваандаа 100 хүртэл давталттай дээствэл зохино.
2. Шалан дээр завилж суу. Тэгээд гараараа тулахгүйгээр хурдхан шиг бос. (20-30 удаа) Ингээд дасгалаа ялигүй өөрчлөх замаар давтах тоогоо 2-3 дахин нэмэгдүүл. Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй. Тогтмол хичээллэж байж үр дүнд хүрнэ.
Сэтгэгдэл ( 0 )