Монголын ард түмний нүдэн дээр өсөөд өтлөж байгаа хүн бол хошин урлагийн жүжигчин Батзаны Батзаяа. “Хөдөөгийн баясгалан”, “Мартагдашгүй намар” зэрэг кинонд тоглож хүүхэд насаа дэлгэцэнд мөнхөлсөн азтай нэгэн. Урлагт амьдралаа зориулж байгаа авьяаслаг жүжигчин маань анх арван зургаахан насандаа шүүмж бичиж байжээ. Бүр бичих бичихдээ нэрт зохиолч Э.Оюун, С.Удвал нарын жүжгүүдэд шүүмж бичиж явсан догь толгой. Харин шүүмж нь сонинд гарсаны дараа өөрөө “нусаа гоожуулчихаад юу мэдэж шүүмж бичдэг юм” хэмээн сүрхий шүүмжлэлд өртөж байсан гэдэг. Тэгсэн хэдий ч гандан бууралгүй зохиолч С.Эрдэнийн “Амьдралын тойрог” роман болон өөр хэд хэдэн бүтээлд дахин шүүмж бичсэн байна. Тэрээр 90-ээд оноос хойш өнөөг хүртэл ард түмэнд нийгмийн болох болохгүйг хошин хэлбэрээр харуулахыг зорьж байгааг бид мэднэ. Түүний шүүмж бичих авьяас нь удмынх бололтой. Түүний хамаатан тодруулбал нэрт нийтлэлч Баабар Батзаяа хоёр ах дүүсийн хүүхдүүд. “Баабар ингэж өгүүлэв” хэмээн “Өдрийн сонин”-ы нэгэн нүүрэнд Монголын нийгэм болоод улс төрчдийн болох болохгүйд дүгнэлт хийн бүтээлээ туурвидаг Баабар , Батзаяа хоёр багадаа хамт тоглож өссөн аж. Өдгөө тэд хоёулаа олны танил хүмүүс болсноос гадна зан ааш, нуруу туруу, гэдэс гүзээ гээд төстэй зүйл олонтой. Баабар хорон үгтэй, Батзаяа хошин үгтэй. Гавьяатын маань тоглодог “Дарга өрөөндөө нарийн бичигтэйгээ ул боов идэж цай уув” гэсэн хошин шогийн үзүүлбэр шиг Б.Батзаяагийн уусан идсэн, тоглосон шоглосон гээд л бүхий л зүйл нь хэвлэлд бичигддэг. Тэгээд ч тэр үү сүүлийн үед сэтгүүлчийн ёс зүйг сүрхий судлах болсон гэнэ шүү. Баабар ах нь Батзаяа дүүгийнхээ амьдралыг сонин хэвлэлээс уншчихдаг бололтой. Уулзахаар гашуун атлаа үнэн үгийг жинтэйхэн хэлчихдэг болохоор загнуулах гэж төвөг хэмээн жаахан бэргэдэгээ ч нуусангүй. Зэмлүүлэхийн хажуугаар гавьяат маань Баабар ахыгаа энэ цаг үедээ тод мөртэй амьдарч яваа төдийгүй удам судрынхаа бахархал хэмээн үздэг тул ургийн овгоо ”Баабар” хэмээн авсан ажээ.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )