Д.Сугар 25 сая ам.долларын сургаар мэргэжлийн бус, өөрийн хүнийг Биокомбинатын захирал болгожээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06



Авлигатай тэмцэх газрынхан Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг шалгаж байгаа тухай мэдээлэл нийгэмд түгээд сар гаруй  хугацаа өнгөрлөө. Энэ нь 2010 оны сүүлчээр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байсан Т.Ганболдод үүсгэсэн эрүүгийн хэргээс үүдэлтэй ажээ. Түүний асуудлыг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байна. Т.Ганболд нь хар төмөрлөгийн үйлдвэрээс “Эрдэнэт” үйлдвэр рүү шууд нийлүүлж байсан ган бөмбөлөг бэлдцийг Хонгконгийн нэгэн компаниар зуучлуулах хүсэлт гаргаж Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт хандсан юмсанж. Д.Сугар үүнийг нь зөвшөөрсөн байлаа. Ингээд олон сая төгрөгийн хохирол учирсан гэдэг. Энэхүү бохир бизнесээс Д.Сугар дарга тодорхой хэмжээний хувь, ашиг хүртсэн байж болзошгүй хэмээн хардах хүн цөөнгүй. Тиймээс нарийвчлан шалгах шаардлагатай гэж үздэг ажээ.

            Тэгвэл өчигдөр Д.Сугартай хамааралтай бас нэг асуудал сөхөгдлөө. Улсын хэмжээнд малын .вакцин, эм, био бэлдмэлүүдийг үйлдвэрлэдэг ганцхан газар байдаг нь Биокомбинат юм. Энэ нь төрийн өмчит үйлдвэрийн газар тул Төрийн өмчийн хорооноос удирдлагыг нь томилдог. Ингэхдээ сонгон шалгаруулалт явуулдаг. Өнгөрсөн оны сүүлчээр Биокомбинатын хуучин захирал Д.Насанжаргал нь тэтгэвэрт гарч орны хүнийг сонгон шалгаруулж томилохоор болсон байв. Сонгон шалгаруулалт явуулах журмыг нь  Төрийн өмчийн хорооны тогтоолоор баталчихсан байлаа. Гэтэл захирал тодруулах сонгон шалгаруулалт нь уг журмаар явагдсангүй. Д.Сугар дарга өөрийн нутгийн хүнээ шууд томилсноос энд өнөөг хүртэл хэрүүл тэмцэл өрнөж байна. Үйлдвэрийн ажилчид өнгөрсөн онд ажил хаялт хүртэл зарлаж байв. Гэвч байдал дээрдээгүй. Д.Сугарын нутгийн хүн гэх Б.Баттогтох л захирал болох ёстой гэсэн хатуу болзол тулгагдсаар байна. Ийнхүү хүчээр, Д.Сугарын муйхар шийдвэрээр тус үйлдвэрийн захирал болоод байгаа “Цагаан залаа агвет” компанийн захирал Б.Баттогтох нь ядаж малын эмч хүн биш, хүний их эмчийн мэргэжилтэй гэнэ. Биокомбинат бол дор хаяж малын их эмч хүний удирдлагаар ажиллах онцлогтой үйлдвэр. Үүнийг нэг муухан ойлгосон Б.Баттогтох гэгч нь энэ хооронд малын их эмчийн үнэмлэх, гэрчилгээг хуурамчаар олоод авсан нь бас бөөн шуугиан дэгдээжээ.

            Тус үйлдвэрийнхэн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт удаа дараалан шаардлага хүргүүлээд асуудлыг нааштайгаар шийдэж өгөөгүй тул захирлын энэхүү хууль бус томилгоог хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Гэвч шүүхийнхэн бас л луу унжсаар өдий хүрсэнд дургүйцэж, өчигдөр Төрийн өмчийн хороонд дахин шаардлага тавьж, эсэргүүцлийн суулт зарласнаа мэдэгдлээ. Д.Сугар нь шүүхээр асуудал шийдэгдээгүй байхад энэ оны 7 дугаар сарын 7-нд урьд нь түр түдгэлзүүлээд байсан захирлын албан тушаалд Б.Баттогтохыгоо дахиад жинхэнээр нь томилчихсонд байв. Б.Баттогтох урьд нь Биокомбинатад мэргэжилтэн байсан бөгөөд өмч хөрөнгө, мөнгө төгрөг идэж ашигласан гэдэг хэл аманд өртөж байжээ. Ийм хүнийг заавал захирал болгох гэж Д.Сугар дарга улайран зүтгээд байгааг Биокобинатын ажилтнууд нь тэдний нэлээд том ашиг сонирхолтой холбон тайлбарлаж байна.

            Биокомбинат нь 1973 онд Унгар улсын буцалтгүй тусламжаар анх байгуулагджээ. Үүнээс хойш тус үйлдвэр одоо болтол хүчин чадлаа өргөтгөж чадаагүйн дээр техник технологи нь нэлээд хуучирчээ. Тиймээс Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу тус улсаас 25 сая ам.долларын хүүгүй зээл олгохоор шийдвэрлэсэн гэнэ. Энэ нь удахгүй ирэх юм  байна. Нэгэнт ийм их хэмжээний зээл авч байгаа болохоор манайх олон улсын стандартад нийцсэн био бэлдмэл үйлдвэрлэх боломжтойгоор шинэчлэлийг хийх нь тодорхой. Манай мэргэжилтнүүд ч ийм л зорилготой байгаа. Тиймээс үйлдвэрийн шинэчлэлтийн багийн бүрэлдэхүүнд шилдэг мэргэжилтнүүд багтсан байв. Харин хүний эмчийн мэргэжилтэй Б.Баттогтох нь луйвраар захирлын ажилд хүч түрэн ормогцоо тэрхүү шинэчлэлтийн багийн гишүүн, хашир туршлагатай мэргэжилтэн Ц.Өлзийтогтох, Мэнджаргал нарыг ажлаас нь үндэслэлгүйгээр халжээ. Тэд Унгарт дээд боловсрол эзэмшсэн хүмүүс байсан гэнэ. Одоо технологийн шинэчлэлийг  мэдэж, чадаж хийх хүн тэнд бараг байхгүй болсон бололтой. Багийн бүрэлдэхүүнийг халж, сарниулах нь Б.Баттогтохын тэргүүн ээлжийн зорилго байсан юм болов уу даа. Дээрх 25 сая ам.долларын зээлээр манайх юун түрүүнд шүлхий, шувууны томууны эсрэг вакцин хийх зорилготой юм билээ. Харин Б.Баттогтох, Д.Сугар нарын бодол санаа өөр ажээ. Тэдний нүдэнд зөвхөн мөнгө нь харагдаад байх шиг байна. Мөнгийг яаж халааслах арга л бодогдоод нойр нь хүрэхгүй яваагаас зайлахгүй болж байна. Түүнээс биш Монголдоо ганцхан энэ үйлдвэрийг мэргэжлийн, чадварлаг, ашиг сонирхлын ямар нэг зөрчилгүй хүнээр удирдуулах боломж байлгүй яахав. Үйлдвэрийн ажилчид нь аргаа бараад Ерөнхий сайд Сү.Батболдын нэр дээр ийм замбараагүй томилгоог цэгцлэх, технологийн шинэчлэлийг хэрхэн яаж хийх талаараа захидал бичиж хариугаа бас хүлээж байгаа юм байна.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top