Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны зохицуулах зөвлөлийн гишүүн Д.Батсайхан намын дарга Н.Алтанхуягтаа нээлттэй ил захидал илгээжээ. Тэрээр захидалдаа “...2008 оны 7 сарын 1-ний энэ эмгэнэлт үйл явдлын буруутан хэн хэн хаана байна гэдгийг бид саруул ухаанаараа дэнслэх гэж хичээсээр байна. Харамсалтай нь түүний учгийг тайлах ард түмний өмөг түшиг болсон ардчилагчид маань та нар буу шагайсан асуудлаа саруул ухаанаар өөрсдөө шийдээрэй гээд ард түмнээ хаяад явсан. Үүнийг чинь олон түмэн мартахгүй. Та нарыг 2012 оны сонгуулиар хичнээн гоё тоть шиг үгээр нялуураад ирэхэд чинь тэд хариугаа өгөх болно.
...Сонгуулийн бэлэн мөнгөний амлалтанд хөтлөгдөж, авлига хээл хахууль өгч, байгалийн баялгийг нь цөлмөхөд гаршсан үндэстэн дамнасан компаниудын ашиг сонирхолд автаж, хуудуутай, хууль бус гэрээнүүд хийхээ зогсоох цаг болжээ. Монголын олигархиуд мөнгөө гадаадад байршуулж, тэнд үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа нь нууц биш болсон. “Алтангадасынхан” та нарт гадаадад гайхуулах орд харш байхгүй ч гэсэн гэр бүлээрээ гадагш дүрвэн гарах мөнгө хангалттай байгаа. Барууны орнуудын зэрлэг капитализмын үнэр та нараас ханхалж байна. Гэхдээ та нарын үр хүүхэд биш бидний үр хүүхэд энэ газар шороон дээр амьдрах учраас хойч үеийнхээ төлөө, ядарч туйлдсан ард түмнийхээ төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно. Эцэст нь хөгжлийн тухай хууль бус хуурамч домогт чинь итгэх итгэл алдарч байгааг хэлье” гэсэн байна. Ийнхүү Ардчилсан намын хэсэг нөхөд намын даргадаа гомдлын үг чулуудаж эхэлжээ.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )