Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн нэр төрөл олширч байгаа. Хүн худалдаалах гэмт хэргийн талаар бид дөрөв таван жилийн өмнөөс л ярьдаг болсон. Ийм гэмт хэрэг Монголд бодитой байгаа гэдгийг одоо хүмүүс мэддэг болжээ. Макао, Тайвань, Бээжинг зорих монголчуудын дунд ийм төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа гэнэ. Нутаг нэгт дөрвөн бүсгүйг худалдсан Баярмаа гэгчийн хэргийг та санаж байгаа байх. Тэрбээр Өвөрмонголын Шилийн гол аймагт өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр хууран мэхэлж аваачаад хятадуудад 4000 юаниар худалдсан байлаа. Хохирогч дөрвөн бүсгүй нь эх орондоо оргон зугтаж ирээгүй бол юу болж төгсөх байсныг бүү мэд. Баярмаад холбогдох энэ хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд түүнд 11 жилийн ял оноосон боловч давж заалдсан юм. Тэрээр ял хүндэдсэн гэж үзсэн байна. Түүний давж заалдах өргөдлийн дагуу Нийслэлийн шүүхээр шүүн хэлэлцэх ажээ.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )