Би ингэж турсан юм: Хамгийн энгийн бас эрүүл аргууд

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 06

Би ер нь л их жинтэй, бүр оюутан болоод нилээд таргалаад байсийм л даа. Би бүр 72 кг хүртлээ таргалсан. Одоо гэхдээ ердөө л 56. Яаж турсан гээч, мэдмээр байна уу? Тэгвэл цааш нь уншаарай.
 
Таргалалтын минь шалтгаан

Хөдөө гэрээсээ энд ирж оюутан болсон. Оюутны амьдралаар амьдарч эхэлсэн тэр үед миний хооллох цаг, унтаж идэх хуваарьт ч нилээд өөрчлөлт орсон.
Оюутнууд хоосондоо хоосон байдгийг хэн хүнгүй л мэднэ. Хөдөө гэртээ өглөө, өдөр, орой 3 хооллочихоод л яваад байдаг байсан минь өнгөрч өглөө хоосон гараад л өдөр юм идэж чадахгүй гүрийсээр байгаад (ихэвчлэн) орой нь оюутны байрандаа маш их өлссөн амьтан л ирдэг боллоо. Би бусдын л адил тэтгэврийн эцэг эхтэй, тэднээсээ мөнгө гуйх хэцүү, байх хэцүү “ядуу” гэдэг овогтой л оюутнуудын нэг. Тэгээд яана гээч. Орой их өлсөж ирдэг тул бараг л 3 аяга хоол идчихдэг байлаа. Маш их иднэ. Тэгээд шөнөжингөө ходоод минь ажиллаж маргааш өглөө нь хоол идэх дур хүсэлгүй болчихдог. Тэгээ л гэрээсээ хоолгүй гарна. Мөнгөгүй учраас өдрийн цайнд орж чадахгүй, хааяадаа пиришки, буузаа идээд л. Тэгээд орой ахиад л өлссөн амьтан гэртээ ирнэ. Тэгээд нэг л мэдэхэд 1-р курсын эхний семестр дуусахад би маш их жин нэмсэн байлаа. Их таргалснаа би 10 жил хамт сурдаг байсан ангийнхаа нэг бандитай гудамжинд тааралдаад мэдсэн. Тэр намайг харангуутаа л, мэндийн зөрөө байхгүй ямар их таргалсныг минь гайхаад л.

Надад ч үнэндээ багтах өмд олдохгүй, дээгүүрээ таарвал уртдчаад, уртаар нь тааруулбал харвин нь дээгүүрээ чихэлдээд, унтахад ч төвөгтэй байдаг боллоо. Тэгээд хүссэн хувцсаа өмсч чадахгүй, дэлгүүр хэсэх хобби минь унтарч, өөрийгөө толинд харах дур хүсэл ч төрөхгүй байдаг болчихов.

Турах гэж янз бүрийн арга хэрэглэв ээ

Тэгээд би таргалалттайгаа тэмцэхээр шийдэв. Эхлээд хоолоо сойдог байв. Гэтэл өлсч байж байгаад идэхээрээ улам их идээд байлаа. ТВ, FM-ээр янзтай тураадаг энэ тэр заранд итгэж нэг бүтээгдэхүүн хэрэглэж үзлээ. Надад үнэтэйг нь хэрэглэх чадал байхгүй байсан учраас нилээд хямдханаас нь сард 5-8 кг турдаг гэхээр нь аваад хэрэглэлээ. Тэгтэл толгой өвдөөд, ер нь хэрэггүй юм билээ. Би 15 хоног уугаад л хаясан. Тэгээд ч ганц ч кг хассангүй.

1 сар хиртэй фитнест явж үзэв. Гэхдээ би үнэнч явж чадаагүй учраас тэгээд л орхичихсон. Бас нэг сар байраа тойрч өглөөд гүйдэг байлаа. Тэгээд хүйтрэнгүүт больчихов.

Гэхмэтчилэн турах гэж үзээд 3-р курстээ орчихдог юм байна оо. Би бүр турахын тулд өөртөө багадсан хувцас хүртэл худалдаж авсан гээч.

Гэхдээ л би турсан юм даа

Гэхдээ би хамгийн энгийнээр турах аргыг олсон юм. Ер нь агуу зүйл энгийн байдаг гэдэг үг ч байдаг ш дээ.

Миний таргалалтын хамгийн гол шалтгаан нь тэгж их иддэг байсан хэрнээ 7 хоногт ердөө 2 удаа л хүндэрдэг байсанд байсан юм. Үүнийг би ойлгонгуутаа аль болох өдөр бүр хүндрэхийг хичээх болов.

Тэгэхийн тулд ер нь ус их уух хэрэгтэй байв. Тэгээд шингэн зүйлээ хийгээд аваад явчихдаг халуун сав шиг, өндөр 1 литрийн аяга худалдаж авлаа. Тэгээд тэрийгээ гараасаа ерөөсөө салгахгүй, байнга усаар дүүргэж байнга л ууна. 

Ус уухаар өлсөх дурыг багасгадаг юм байна лээ. Тэрнээс гадна хоолны шингэц сайжирч би өдөр тутам хүндэрдэг боллоо. Ус байнга уух нь эрүүл мэндэд минь ч мэдээж тустай гэдгийг мэдэрч би гэдэг хүн цаашдаа турах нь гэсэн итгэлтэй болсон юм.


Мэдээж бас дээрээс нь турахад нөлөөлсөн зарим нэг хүчин зүйлүүд байгаа. Ингээд энэ бүхнийг дүгнээд бичвэл:

1.    Ус уух. 1 л-ийн халуун саванд байнга ус байлгаад, тэрийгээ гараасаа битгий салга.
2.    Өдөр тутам хүндэр. Энэ маш чухал. Царай чинь гэрэлтэж, хоол боловсруулах үйл ажиллагаа чинь хэвийн явагдах болно.
3.    Хурдан шаламгай хөдөлгөөнтэй байх. Алх, гүйж чадахгүй бол ш дээ. Би ер нь маш их алхдаг. Алхахдаа хурдан алхдаг. Бас их хурдан шаламгай хөдөлгөөнтэй байгаарай. Энэ нь бүр таны ажил, сурлагын амжилтанд чинь хүртэл нөлөөлнө.
4.    Өглөөний цайг бүү алгас. Энэ бүр яг үнэн. Тэгвэл орой ч нэг их идэхгүй болчихдог.
5.    Толинд өөрийгөө байнга хар. Толинд харах бүртээ өөрөөсөө тэдэн гр, тэдэн мм хасч байгаа мэтээр сэтгэл хангалуун хар.
6.    Өөрийнхөө биеийг хайрла. Өөрийгөө тарган муухай гээд л хараад байх юм бол турахгүй, бас турсан ч чи өөртөө итгэлгүй хэвээр үлдэнэ. Гарч байгаа жижигхэн үр дүндээ ч гэсэн сэтгэл хангалуун байгаарай.

Ингээд би эцэст нь ус ууж, өдөр бүр хүндэрсээр хагас жилийн дотор 10 орчим кг-ыг хасч чадсан. Одоо хонхны баяраараа сэтгэл хангалуун, бие галбираа гайхуулан дээлээ өмсөнө. Гоё байгаа биз дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top