Жем интернэшнл ХХК 2007 оны цагаан сарын үеэр Эрдэнэт хотноо сугалаат худалдаа зохион байгуулжээ. Архи болон амьд шар айргийн худалдаандаа олон шагнал бүхий сугалаануудыг зарласан байна. Хамгийн супер хонжвор нь Хайнан явах эрхийн бичиг байсан бөгөөд супер шагналыг малчин Б.Тагдорж хожжээ. Гадаад явах эрхийн бичиг хожно гэдэг жирийн малчин хүнд таатай санагдсан нь мэдээж. Тэр даруй явах гэсэн ч мал ахуй гэр орон гээд боломж нөхцөл нь төдийлөн бүрдээгүй юмсанж Азтан болох эрхийн бичгийг нь гардуулан өгөхдөө тус компанийнхан “Та манай супер азтан боллоо. Хэзээ хүссэн үедээ явж болно” хэмээсэн нь түүнийг санааг амраасан аж. “Азтан болсон. Хилийн дээс алхаж далай дээр амарна. Хэзээ ч хамаагүй явж болно” гэсэн хэмээн хөөрцөглөсөөр хэдэн жилийг үджээ. Энэ жилээс Хайнан явахаар болж хотод ирэн Жем интернэшнл ХХК дээр очжээ. Гэвч түүнийг хүлээн авах хүн олдсонгүйгээр үл барам тухайн үед ажиллаж байсан хүмүүс ажлаасаа гарсан байв. Одооны ажилтангууд нь энэ асуудлыг би мэдэхгүй хэмээн хэдэн бие рүүгээ түлхсэний эцэст “Супер азтанд 500 мянган төгрөг төсөвлөгдсөн. Мөнгө нь гарсан шиг санагдаж байна. Та юу ч болтугай эрхийн бичгээ үлдээчих” хэмээжээ. Азтан болсон иргэн Б.Тагдорж Жем интернэшнл ХХК-ийн нэргүй ажилтан болох дөхтлөө босгыг нь элээснээс гадна сүүлдээ эрхийн бичгийг нь ч өгөхөө больжээ. Эрхийн бичгийг нь өгөлгүй танд 700 мянган төгрөг өгье. Ингээд энэ асуудлыг дуусгая гэсэн саналыг уг компаниас тавьсан гэнэ. Тагдоржийн хувьд ойр дотны хүмүүстээ азтан болсноо хэлж хилийн дээс алхана хэмээн төлөвлөж байсан тул энэ санал огт таалагдахгүй байгаа аж. Иргэдийг Хайнанд аялуулдаг Тэнгэр трейвэл компанийн аяллын хөлс 1.550.000 орчим байгаа. Олон жил аялна хэмээн мөрөөдсөн азгүй “азтан” маань сүүлдээ уг компанийнханд итгэл алдран шүүх сэргийлэх дээрээ тулж байгаа гэнэ. Тэргүүн чанар, Тэргүүн баталгаа, Төгөлдөр үйлчилгээгээр Төгс хэрэглээг хангахыг эрхэм зорилгоо болгодог “Жем интернэшнл” ХХК ийнхүү иргэдийнхээ чихэн дээр цэцэг ургуулав бололтой.
М.Гэрэлгуа.
Сэтгэгдэл ( 0 )