Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нар Зайсан дахь хүүхдийн хорих ангид ял эдэлж байгаа. Эзэнгүй айл шиг болсон энэ чухал газрын дарга, дэд дарга хоёрын орных нь хүнийг томилох хүсэл зориг улс төрийнхөнд байхгүй байх шиг байна. Ерөнхийлөгч нь болохоор Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг УИХ-аар хэлэлцэн шийдсэний дараа асуудлыг авч үзнэ гээд байна. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нь “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг анхнаасаа УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй шүүхээс шийтгэсэн тул тэдний бүрэн эрх хэвээр хадгалагдана” гэдэг. Уг нь Авлигын эсрэг хуулийн 22,2-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол тэднийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно” гээд цагаан дээр хараар, тодоос тод биччихсэн байна. Хуулиараа бол тэд албан тушаалаас механикаар огцорчихсон хүмүүс ажээ. Гэтэл Д.Дэмбэрэл дарга энэ хуулиа уншдаггүй юм уу, араас нь Ардын намын Удирдах зөвлөл нь хатгаад байгаа хэрэг үү. Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагыг томилох гэхээр тэд ийнхүү гацаа үүсгэх нь тун сонин. Тус газрын хоёр том дарга одоо болтол албан тушаалдаа хэвээрээ, шоронгоос ажлаа удирдаж буй гэх. Тэгвэл тэдний сар бүрийн цалин нь ч бас хэвийн олгогдоод байдаг юм болов уу. Нэгэн эх сурвалж харин үүнийг үгүйсгэж байна. Тэгвэл тэдний цалинг хэн авдаг бол оо. Д.Дэмбэрэл дарга уу?
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )