Өнөөдөр Ази номхон далайн орнуудад 4,9 сая хүн ХДХВ/ ДОХ-ын халдвар тээн амьдарч байна. Бүсийн хэмжээнд уг өвчний халдварын тархалтын үзүүлэлтээрээ Хятад Энэтхэг, Индонез, Малайз, Бирс, Балба, Пакистан, Папуа, Шинэ Гвиней, Тайланд, Вьетнам зэрэг 11 улс дээгүүрт бичигддэг. Манай улсын хувьд тархалт бага улсын тоонд ордог ч тархалтын нөхцөл байдалдаа анхаарах ёстой орны тоонд багтжээ. Монгол улсын хэмжээнд энэ оны 8-р сарын байдлаар ХДХВ/ ДОХ-ын халдвар тээсэн 97 тохиолдол бүртгэгдээд байгаа. Гэсэн хэдий ч цөөхөн хүн амтай манай улсад ДОХ-ын халдварт өртөх магадлал өндөртэй бүлгийн хүн ам их байгааг анхаарах хэрэгтэйг судлаачид хэллээ. Энэ асуудлаар Ази номхон далайн орнуудын ХДХВ/ ДОХ-ын эсрэг 10 дах удаагийн чуулган өнгөрсөн сарын 26-30-ны өдрүүдэд БНСУ-ын Пусан хотноо болсон байна. Тус чуулганд манай улсын төр нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 14 хүн оролцсон бөгөөд Ази номхон далайн орнуудын ХДХВ/ДОХ-ын тархалт эгзэгтэй үедээ байгааг НҮБ-ын ХДХВ/ ДОХ-ын хөтөлбөрөөс анхааруулжээ.
2009 оны байдлаар 300 мянган хүн уг өвчнөөр нас баржээ. ХДХВ/ ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 30 жилийн хугацаанд ХДХВ/ ДОХ-ын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ололт амжилт их байгаа ч цаашдаа анхаарах хэрэгжүүлэх асуудал тэрнээс ч их байгаа гэдгийг чуулганы төлөөлөгчид үзсэн байна. ХДХВ/ ДОХ-ын халдварт өртөх эрсдэл ихтэй хүн ам гэдэгт биеэ үнэлэгчид, тэднийг худалдан авагчид, мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчид, эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд, трансжендэр хүмүүс ордог байна. Эдгээр бүлгийн хүмүүс болон тэдний бэлгийн хамтрагч нарыг ХДХВ/ ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байгаа юм.
Манай улсын хувьд ХДХВ/ ДОХ-ын халдвар тээх эрсдэлтэй хүн амын ихэнх хувийг 25-аас доош насны залуучууд эзлэж байгаа нь хамгийн ноцтой асуудал болоод байна. Монгол улсын хүн ам харьцангуй залуу, шилжилт хөдөлгөөн ихтэй, мөн ХДХВ/ ДОХ-ын халдвар ихээр тархаж байгаа Хятад, Орос улстай хөрш зэргэлдээ оршдог зэрэг нь халдвар тархах өндөр эрсдэл дагуулж байгаа юм.
ХДХВ/ ДОХ-ын халдварыг бууруулах нь зөвхөн эрүүл мэнд, эмнэлэгийн байгууллагынханы хийх ажил биш иргэн хүн бүр дор бүрнээ анхаарч, төр засгийн хэмжээнд ярьж хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдгийг төлөөлөгчид хэлж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )