Сонгуулын жил ч дөхлөө амлалтаа биелүүлээгүй эрх баригчид сандарч яаруу түргэн нэг шийдвэр гаргасан нь оюутны тэтгэлэг байлаа. Эрхэм ерөнхийлөгчийн сонгуулийн амлалт, Их хурлын сандруу шийдвэрийн үр дүнд шинэ он гараад нэг оюутанд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгнө гэнэ. Монголын их, дээд сургуульд суралцагч 162000 мянган оюутанд хавтгайруулан тараагдах энэ мөнгө сар бүр улсын төсвөөс арван нэгэн тэрбум гурван зуун дөчин сая (11340000000) төгрөг чангаах болно. Хавтгайрсан халамжиндаа боомилуулж халууран дагжиж буй улсын төсөв үүнийг хэрхэн дааж явах нь сонин.
Юуны урьд энэ мөнгийг хаанаас олох вэ. Эх үүсвэрийг нь хайя. Эрх баригчид эх орны хувь хишиг гэх 21000 мянган төгрөгийг өгөх гэж томоохон ордуудаа барьцаалан хүүтэй зээл авч тараасан нь саяхан. Тэгвэл оюутнуудад олгогдох тэтгэлэг мөн ийм замаар шийдэгдэх нь тодорхой болоод байна. Тэд томоохон ордуудаа барьцаалан хүүтэй зээлийн мөнгийг оюутан таньд өнөөдөр өгөх ч ирээдүйд таныг өрөнд оруулж танаас хэдэн зуу дахин нугалан буцаан авах болно. Монголын төр ингэж л ажилладаг. Мөн ингэж л хуурдаг.
Тэгвэл тэтгэлэг авах оюутан энэ мөнгөөр юу хийх бол оюутнуудад тэтгэлэг өгснөөр хичээл сурлагандаа илүү анхаарах болно гэж эрх баригчид үзэж элэглэж байгаа ажээ. Тэд ч яахав өөр бодолтой хүмүүс. Мөнгө өгөх гэж байгаа хэсэг нь нэгийг бодож ашиг хонжоо харж, авах гэж байгаа хэсэг нь өөрийг бодож зугаа цэнгэл л харцгааж байна.
Үнэнийг хэлэхэд энэ мөнгө аугаа их согтуурал завхайрлыг дэмжиж, залуу үеийн сүйрэлд хүргэх мөнгө л болж байна. Энэ мөнгөөр нэг ном аваад уншиж, өөрийн мэдлэг боловсролдоо зарцуулах оюутан хэд байгаа бол тун цөөн (маш бага) гэхэд болно. Тархиа бус “төрх”-өө боддог хэсэг залуус нь хэлбэр хөөцөлдөн есөн шидийн загвар хийцийн хувцас авч өмсөцгөөнө. Монголд байгаа бараа Хятадаас л ирдэг ингээд Монголын мөнгө хэдэн хятадыг тэжээж харь улс руу урсаж таарна. Шударга л ярья, эр эмгүй ихэнх нь л ёстой нэг наргиж гарна даа. Арга ч үгүй биздээ. Эрхэм Ерөнхийлөгч, Их хурлын гишүүдийнх нь тэмцэж олсон ардчилал гэгч нь энэ их зах замбараагүй байдлыг бий болгож дураар нь тавьсан юм чинь. Нөгөө эрхээ эдэлж байгаа нь энэ болох байх.
Тэд залуусыг ийм болгосноороо овоо боломжийн ашиг хүртэцгээнэ. Үндэсний үйлдвэрлэл, эрүүл хүнс нэртэй шилэнд савлагаатай шингэн хороороо хаа сайгүй баар, паб, дэлгүүр, кафе, гуанз орц хонгилд хүртэл үйлчилж ёстой л дураар нь өгнө дөө.
Сар бүрийн тэтгэлэг буух өдөр Монгол орон согтуу залуусаар давалгаалж хэдэн хүний амь, хэдэн хүний эрүүл мэнд, хэдэн залуус амьдралаа үгүй хийх бол үүнийг таахын аргагүй юм. Сүйрэл гэж энэ байх.
Төрөөс оюутнуудад, оюутнуудаас архи, тамхи, пивоны үйлдвэрүүдэд, үйлдвэрүүдээс эзэд болох эрхэм төрийн түшээддээ асар их ашиг болж очих энэхүү эргэх холбоогоор Монгол төрийн мөнгийг идэж болно гэдгийг тэтгэлэг олгогчид харсан хэрэг. Энэ бол нэгдүгээрт олох ашиг нь харин хоёр дахь ашиг нь нилээд алсыг харсан бололтой.
Худал хуурмаг бүхнээ ярьж дууссан эрх баригчид сонгуульд санал авахын тулд оюутнуудыг тэтгэлгээр нь барьцаалах нь тодорхой болж эхэллээ. Сонгуулийн өмнөх хэдэн сард тэтгэлэгээ тарааж сонгууль болохоор намайг болон намыг минь сонговол үргэлжлүүлэн олгоно гэж мөрийн хөтөлбөртөө зааж таарна. Ингэж сонгуулийн насны иргэдийн нилээдгүй хувийг эзэлдэг оюутнуудын саналыг авах бас нэг башир арга хэрэглэх нь тодорхой байна.
Үнэхээр Монголын төр засаг залуу үеэ бодож эрдэм мэдлэгт нь анхаарсан бол ингэж хавтгайруулан тараах ёсгүй байсан юм.
Үнэхээр хичээл номдоо шамдаж сурлагаараа тэргүүлдэг оюутнуудаа дэмжиж, үнэлж тэтгэлэг олгож сурлагаар хооронд нь өрсөлдүүлж чадваржуулах байсан. Хэн сайн сурна тэр тэтгэлэгт хамрагдаж сурлагынхаа дүнгээр тэтгэлгийг шат дараатай нэмэгдүүлэн олгож ийм л зарчим үйлчлэх ёстой. Гиннесын номд орох шахсан олон их дээд сургуулиа цэгцэлж үндэсний хэмжээний цөөн их сургууль байгуулж төлбөргүй болгон өрсөлдүүлэн шалгаруулж ирээдүйн чанартай боловсон хүчин, эрдэмтдийг бэлдэх байсан юм.
Монголын төрийг барьж буй хүмүүс үүнийг хийхийг хүссэнгүй Монголын ирээдүйг согтууруулан доройтуулахыг л хамгийн ихээр хүслээ. Тэтгэлгээ гэж!!!
М. Түмт
Сэтгэгдэл ( 0 )