С.Ганбаатар “Биокомбинат”-ын ажилтнуудын эсэргүүцлийг дэмжив

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 08


Төрийн өмчийн хорооны үүдэнд “Биокомбинат”-ын 50 гаруй ажилтан тав дахь өдрөө суулт хийж байна. Тэд үйлдвэрийн газрын захирлын хууль бус томилгоог эсэргүүцэж байгаа талаар Zindaa.mn сайт урьд нь мэдээлсэн юм. Тэдэнтэй өчигдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар уулзаж ярилцжээ. Тэрээр “Та нарын энэ тэмцэл бол зөвхөн танай үйлдвэрийн ажилтнуудын тэмцэл биш юм. Өнөөдөр улс орон даяар ийм нөхцөл байдал үүсээд байна. Эрх мэдэлтнүүд улсын үйлдвэрийн газарт заавал өөрийн хүнийг захирлаар нь томилохыг хүсдэг болсон. Мэргэжлийн байгууллагын удирдлагыг улс төрчид ирж тодруулдагтай бид цаашид эвлэрэхгүй. Би та бүхний тавьж буй шаардлагыг  дэмжиж байна” гэсэн юм. Мөн тэр Төрийн өмчийн хорооны даргатай хэлэлцээрийн ширээний ард сууж ярилцан асуудлаа шийдэхийг тэдэнд зөвлөсөн байна. Д.Сугарын хууль бусаар томилсон Б.Баттогтох гэгч нь түүнтэй нэг нутаг усны, ойрын танил, мэргэжлийн бус, урьд нь өмч хөрөнгө ашигласан асуудалд холбогдож байсан  хүн ажээ. Тиймээс хамт олон нь шүүхэд өргөдлөө гаргаж өгсөн байв. Гэвч Д.Сугар дарга тэднийг үл тоомсорлон энэ оны 7 дугаар сарын 7-нд урьд нь түр түдгэлзүүлээд байсан Б.Баттогтохыг захирлын албан тушаалд томилсон байжээ. “Биокомбинат”-ын ажилтанууд өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд нөхцөл байдлаа танилцуулсан гэнэ. Харин өнөөдөр Д.Сугар дарга Төрийн өмчийн хорооныхоо хурлаар тэдний санал хүсэлтийг авч хэлэлцэхээр амлсан юм байна. Гэвч суулт зарлан эсэргүүцэгчид Д.Сугарт итгэхгүй байгаа бололтой. Учир нь Д.Сугар бүтэн жил гаруй тэднийг хуурч байгаа ажээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top