Дэлхийн Эдийн Засгийн Форумын нэр нөлөө бүхий 40 орчим Залуу Глобал Удирдагч нар Монгол улсад хүрэлцэн ирэх гэж байна.
Дэлхийн Эдийн Засгийн Форумд Монгол улсыг төлөөлөн залуу удирдагчаар сонгогдон ажиллаж буй Улсын Их хурлын гишүүн С.Оюун, Эрдэс Баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Cангийн дэд сайд Ч.Ганхуяг, Сумогийн их аварга Асашёорю Дагвадорж нарын урилгаар дэлхийн залуу манлайлагч нар 9 сарын 9,10-ний өдрүүдэд манай оронд айлчилж байгаа юм.
Дэлхийн Залуу Глобал Удирдагч нар Монголын Эдийн Засгийн Форум, Залуу Глобал Удирдагчдын Форумтай хамтран зохион байгуулах “YGL Learning Journey Mongolia” арга хэмжээнд оролцохын хамт Монгол улсын өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төр болон аж ахуйтай танилцан, уул уурхайн хөгжил дэвшилтэй уялдуулж шинээр нээгдэж буй боломжуудыг судлах, салбар салбарынхантай уулзалт ярилцлага зохион байгуулах, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой юм.
Энэ удаа тэд манай хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс "Media in Mongolia" сэдвийн доор IX/09-ний өдөр 16 цагаас Гадаад яаман дээр Монголын хэвлэл мэдээллийн салбарынхантай тусгайлан уулзалт, хэлэлцүүлэг хийхээр бэлтгээд байна.
Сэтгэгдэл ( 0 )