Өвгөн Б.Галдаад л Авлигатай тэмцэгчдийг атгуулахаас өөр замгүй болов бололтой

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 08

Авлигатай тэмцэх газрыг долоон сар гаруй эзэнгүй явуулж байгаа УИХ болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс сүүлийн өдрүүдэд тус газарт нэлээд анхаарал хандуулж буй бололтой. УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Авлигатай тэмцэх газрын даргыг ярьж шийдэхээр болжээ. Энэ хооронд олон хүний нэр дэвшиж байгаа. Хамгийн сүүлд Цагдаагийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад С.Баярын Засгийн газрын үед хариуцлагагүйн улмаас ажлаасаа хусагдсан генерал М.Ганболдын нэрийг зарим хүмүүс зүтгүүлэх гэж үзэв. Мань эр муугаа мэдсэн үү, яасан, хэвлэлүүд янз бүрээр шуугиад эхэлмэгц “Би тэндэхийн дарга болохыг хүсэхгүй байна” гэх маягийн юм яриад чимээгүй болов. Дараа нь шал өөр нэг хүний нэр яригдаад эхэллээ. Тэр нь  Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах албаны дарга Б.Галдаа ажээ. Нас сүүдэр 60 хол давсан энэ өвгөн уг нь хийгүй ажиллах боломжтой эр. Гэвч урьд нь түүнийг элдэв хэл ам тойроогүй, дайрч өнгөрсөн. Эхнэрийх нь төрсөн дүү Дондов гэгч нэг лут амьтан байлаа. Ховд аймагт прокурор энээ тэрээ хийж явсан. Мэдээж, энэ нь хүргэн ах, төрсөн эгчийнх нь нөмөр нөөлөг байсан биз. Харамсалтай нь Дондов хотод орж ирээд олон айлын орон сууцыг банкны барьцаанд тавиулан мөнгө завшсан, залилан хийсэн хэргээр эхнэрийнхээ хамт шоронд орсон юм. Тэднийг мөрдөн шалгах ажил нэлээд удаан үргэлжилсэн. Үүнд Б.Галдаа ах нь нөлөөлж байсан хэмээн хохирогчид нь гомдоллодог. Хохирогчдын хохирол одоо ч бүрэн гүйцэд төлөгдөөгүй. Гэхдээ дүү нарыгаа шүүхэд шилжих үеэр сайшаалтай нь Б.Галдаа тэднийгээ өмөөрч “А” ч дуугараагүй гэдэг.  Бодвол дахиад хохирогчдод загнуулахаас айсан байх. Цагдаагийнханы дунд байнга гардаг авлига мэтийн хэргийг Б.Галдаагийн газарт шалгаж байгаа. Бүрэн дүүрэн шударгаар шийдэгддэг эсэхэд хүмүүс эргэлздэг л юм билээ. Мань хүн нэг удаа дуучин Т.Ариунаагийн нөхрийн талаарх гомдлын мөрөөр шалгасан тухайгаа ярихдаа  мөрдөн байцаагч нь тэднээс авлига авсан байх магадлалтай гэж байсан. Гэвч тэгсхийгээд таг чиг болсон. Энэ мэт олон юм бий байх аа, түүнд. Ер нь өөгүй хүн гэж хаана байхав дээ. Өндөгнөөс ч гэсэн өө сэв гардаг л юм чинь. Харин өвгөн Б.Галдаа туршлагатай, зоригтой, шийдэмгий ажиллаж өнөөгийн шалдаа буучихсан Авлигатай тэмцэх газрыг өөд нь татах гээд гүрийж явж чадах хүн байх шүү.

            Түүнтэй зэрэгцээд бас Улсын Ерөнхий Прокурорын газрын хэлтсийн дарга Б.Ганзоригийн нэр яригдаж байна. Энэ хүн юу л бол. Найдлагагүй хүн байж мэднэ. Түүнийг урьд нь ажлын чадвар сул, хариуцлагаар тааруухан нөхөр хэмээн шүүмжилж байсан хүн цөөнгүй.

            Ийнхүү өнөөдөр Авлигатай тэмцэх газрыг эзэнтэй болгох гээд дарга нар хэрдээ л мэрийж байх шиг байна. Гагцхүү энэ чухал, онцгой газрыг хөл дээр нь бат зогсоож, улс төрчдийн хараа, гар хөлөөс ангид авч явах эсэх нь юу юунаас илүү анхаарал татаад байгаа болохоор ийнхүү илүү үгэлж буй хэрэг шүү дээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top