Ирэх долоо хоногт Баянзүрх дүүргийн айлуудыг утаагүй зуухаар хангана

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 08

  Хотын утааг бууруулахын тулд олон төрлийн арга хэмжээ авч байна. Тэдгээрээс юун түрүүнд утаагүй, бүрэн шаталттай зуухыг агаарын бохирдолтын хязгаарлалт хийсэн бүсүүд буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн айлуудад өгчээ. Зуухны үнийг харьцангуй хямдруулж 25 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Одоогоор ийм зуухыг 3100 гаруй айлд өгөөд байгаа гэнэ.  Ирэх долоо хоногт Баянзүрх дүүрэгт тараана. Баянзүрх бол нийслэлийн хамгийн том дүүрэг. Тус дүүргийн айл өрхийн 80 хувь нь гэрт амьдарч байгаа. Тиймээс энэ жил тус дүүргийн 16 мянган айлд уг зуухыг өгөхөөр тооцжээ. Турк улсын технологоор хийгдсэн “Өлзий” зуух нь утааг 90 хувь бууруулж, түлшний зардлыг 30 хувиар хэмнэнэ. Түүнчлэн ийм маягийн “Хас” зуухыг 50 мянган төгрөгөөр өгөх боломжтой. БОАЖЯ, ЭБЭХЯ, хотын захиргаа, Мянганы сорилтын сан, Хасбанк, “Сэлэнгэ констракшн” компании хамтран ийнхүү бүрэн шаталтад зуухыг түгээх ажлаа хүйтнээс өрсөн тараасаар байна. Харин иргэдийн оролцоо, идэвхи санаачлага зарим талаар дутагдаж, зуухыг гэртээ тавьсан ч урьдын адил нүүрс түлэх хандлагатай байгаа ажээ. Шахмал түлшний нийлүүлэлт, коксжсон нүүрсний хангалтыг цаашид эдгээр байгууллагууд сайжруулах шаардлагатай байгаа юм байна. Утаагүй зуухны талаар иргэд 50159889 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох ажээ.

Х.Тулга 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top