Монгол Улсын дээд боловсролын салбарын шинэчлэлийг дэмжиж, салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 20 сая ам.доллартэй тэнцэх хөнгөлөлттэй зээл олгох тухай хэлэлцээрт Сангийн сайд С.Баярцогт, АХБ-ны Суурин төлөөлөгч Роберт Шоэлхаммер нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
“Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд дээд боловсролын хөтөлбөрийн шинэчилж олон улсын жишигт хүргэх, дээд боловсролын удирдлага, зохицуулалтыг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах зэрэг ажлууд хийгдэх бөгөөд төслийн зорилго нь олон улсын шаардлагыг хангасан, өрсөлдөхүйц чанартай дээд боловсролын системийг хөгжүүлж зах зээлийн эрэлт хэрэгцээ бүхий голлох салбаруудад бий болгоход оршино.
Тус төслийн хүрээнд их дээд сургууль дээр тестийн төв, и-сургалтын төвүүдийг байгуулж, сурах орчинг сайжруулж, хөдөө орон нутгийн их дээд сургуулиудад зайн сургалтын төвийг шинээр байгуулан байгалийн ухаан, инженер, технологи, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх салбарын багш, судлаачдын сургалт судалгаанд дэмжлэг үзүүлж, чадавхийг бэхжүүлэх, гадаадын их сургуулиудтай хамтарсан хос дипломт хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Мөн 2016 он гэхэд Монголын Улсын бүх их дээд сургуулиуд байгууллагын магадлан итгэмжлэл авсан байх ба сургалтын нэгдсэн, чанартай стандарттай болох нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн их дээд сургуулиудын багшлах боловсон хүчин, удирдах ажилтнуудын ур чадвар, мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамруулж, их дээд сургуулийн байр, сургалтын орчин, лаборатори, номын сангийн нөхцөл сайжирсан байх болно.
Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш манай улсын нийгмийн салбар, тэр дундаа боловсролын салбарын хөгжлийг ихээхэн дэмжиж бага, дунд боловсролын шинэчлэл, шилжилтийн үед дэмжлэг үзүүлж нийт 6 төслийг хэрэгжүүлээд байна. Энэхүү төсөл нь АХБ-ны дээд боловсролын салбар дахь анхны төсөл болох юм.
Монгол улсын сангийн яам
Сэтгэгдэл ( 0 )