Монгол-Оросын энхийг сахиулагчид сүүлийн хоёр долоо хоногийн турш террористуудтай тэмцлээ. “Сэлэнгэ” хэмээх томъёолсон нэртэй хээрийн сургуулийн гол зорилго нь хэзээ нэгэн цагт учирч болох террорист халдлагын үеэр энхийг сахиулагчид хэрхэн үүрэг гүйцэтгэх, ямар түвшинд бэлтгэгдсэн байвал зохихыг хамтын хүчээр тодорхойлох явдал байсан юм. Энэхүү хээрийн сургууль өндөр зохион байгуулалтын дор болж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл бяцхан “байлдаан”-д тэд ялав. Нэг талаас олон улсын алан хядагчид, нөгөө талаас энхийг сахиулагчид “тулалдсан” юм. Энэхүү байлдааны тактикийн ажиллагаа Оросын Буриад улс, Хиагтаас эхлээд Монголын нутаг буюу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өчигдөр өндөрлөжээ. Хоёр орны хилийн бүсэд бүгсэн террорист бүлэглэлийн эсрэг энхийг сахиулагчдын 1000 шахам бүрэлдэхүүн, танк, их буугаар дэмжүүлэн давшилж хийж байгаа нь яах аргагүй багахан хэмжээний байлдааны ажиллагааг санагдуулж байлаа. Сургуулилтыг Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, хурандаа Ковалев нар үзэж сонирхсон байна. Энэ удаагийн хамтарсан хээрийн сургуулийн удирдагчаар хошууч генерал Б.Баярмагнай ажиллажээ. Тэрбээр хэдэн жилийн өмнө Монголоос анхны энхийг сахиулах бүрэлдэхүүнийг удирдан Серра-Леонд тусгай үүрэг гүйцэтгэж, үүнээс хойш энхийг сахиулагчидтай хамт хэд хэдэн улс оронд очиж удирдах албан тушаалд ажиллаж байсан юм. Харин энэхүү сургуулийн Оросын талын удирдагч нь хошууч генерал В.Е.Шарагов байв. Ийнхүү хоёр орны дайчид террористуудтай амжилттай тулалджээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )