Н.Энхбаяр нэг бол жанжин, эсвэл хэдэн унага, гүү хураасан хөгшин азарга шиг аашилдаг болов

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 09

  Наадам, найр, уул усаар хэрж хэссэн улс төрчид утаат хотдоо ойрноос уван цуван ирж буй бололтой. Тэдний хамгийн их сэтгэл зовж  буй зүйл нь ирэх оны сонгууль болоод байгаа гэнэ. Гэвч сонгуулийн хууль нь гацчихаад байгаа. Өөрөөр хэлбэл сонгуулийн тоглоомын “дүрэм” байхгүй атлаа хойтон жилийн сонгуульд ялах тухай мөрөөдөж яваа нь тун сонин. Зарим нь бүр Дон Кихот ноёнтонг санагдуулна. Яагаав, мань эр саваагүйтээд салхин тээрэмтэй тулалддаг даа. Яг түүн шиг, өмнөө ямар нэг томоохон “дайсан” төрүүлчихсэн тулалдах ажээ.   МАН-АН гэгч том бүлэглэлтэй МАХН тулалдах тухай  яриа улам дуулиантай болж байна. Тэд МАН-ын хог дээр хаясан хуучин хувцсаар гангарч байгаа. Тэрхүү хувцасныхаа  шошгыг  МАХН хэмээнэ. МАН-ынхан хөдөөгийн сонгогчид руугаа харайхтай зэрэгцээд Н.Энхбаярын цэргүүд сэлэм эргүүлэн араас нь давхиж очно. Ийнхүү сүрийг үзүүлэх Н.Энхбаярыг харахаар цэргийн жанжин мэт сүртэй. Нөгөө талаас нь ажаад байхад намар цагийн адуун сүрэг дундаас өөрийн гэснийг хураан авч тоос босгон хөөх хөгшин азарга лугаа. Хүүхэд байхад азарганы ноцолдооныг харах мөн ч гоё байж. Их улс төрийн хөгшин азарга Н.Энхбаяр тийнхүү хөдөөгийн иргэдийн дундаас хуучин МАХН-д данстай гишүүдээ хураах нь МАН-ын дарга Сү.Батболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарт яаж сайхан байв гэж. Хор шар нь буцалж л байгаа.

            Унага, даага, гүүгээ хамж давхих Н.Энхбаяр “азарга” ойрноос Үндэсний шинэ намынхантай хамтарч нэг бүл болон сонгуульд өрсөлдөх тухайгаа ил цагаан зарлаж байна. Үндэсний шинэ нам бол түүн шиг унага, даага, гүү энээ тэрээ болж, гишүүний хойноос хөөцөлддөггүй. Гэхдээ тус намын хашир бурхи М.Энхсайхан, эрх танхил охин, Ерөнхий нарийн бичгийн дарга Уянга нарт Н.Энхбаярын хураасан адуун сүрэг хэрэгтэй. Тэд МАН-АН гэх “дайсан”-тайгаа тулалдахад тэд нар нь тулах цэг, гартаа барих бороохой нь болно. Ерөөсөө МАХН гэсэн хуучин “тамгатай”-гаа давхиж яваа бүхнийг Н.Энхбаяр өөртөө нэгтгэх гэж буй нь МАН-ыг элгээр нь хэвтүүлэх гол зүйл болж байна.  

            М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрын ийм нөхөрлөл хэр зэрэг удаан үргэлжлэхийг бүү мэд. Ирэх оны сонгуулиар нэг блок болж хүчээ нэгтгэх нь ийнхүү тодорхой боллоо. Харин Н.Энхбаяраасаа салж одсон Ц.Шинэбаяр бай ч үгүй, банз ч үгүй салах бололтой. Түүний “Хамуг Монгол” хөдөлгөөн нь хөлд ортол хөгшдийн нас гүйцэхгүй төлөвтэй. Хөлд бүү хэл хэлд орж амжаагүй ийм хөдөлгөөний дотроос Хөдөлмөрийн нам хэмээх мөрөөдлийн нам байгуулагдан сонгуульд хүч үзтэл ёстой зай ч байна, лай ч байна гэгч болов. Тэрбээр шинэ намынхаа зохион байгуулах хурлыг хийж амжаагүй байж нам байгуулагдсан хэмээн гэнэт зарласан нь буурьтай улс төрч биш гэдгийг нь бас харуулаад авлаа. “Хамуг Монгол”-доо гол дүрийг бүтээх гэсэн С.Молор-Эрдэнэ тэр хоёрын харилцаанд иймэрхүү явдлууд ан цав суулгаж эхлэх нь гарцаагүй. Ер нь Ц.Шинэбаяр улс төрийн шинэ намаа байгууллаа ч гэсэн нам болгоны дамжиж өнгөрдөг нялхасын өвчтөнгүүдийн “тасгаар” зайлшгүй дамжиж таарна. Ардчилсан нам олон намуудын нэгдэл дээр дахин төрж гарснаас хойшхи арав гаруй жилд ийм зовлон туулсан. Байн байн хэвтэрт ортлоо өвчилдөг байлаа. Одоо өөрсдийгөө анхдагч нам гээд байгаа Ардын намд ч нялхсын өвчин тусчихаад сандаргаж байна. Тэд нэр сольж, үзэл баримтлалдаа бага зэрэг өөрлөлт хийсэн. Үүнээс болоод Н.Энхбаяр нь өрх тусгаарласан. Улс төрийн энэхүү хувиралт Ардын намыг “салхин цэцэг” өвчинтэй учруулав. Энэ бол шинэ нам бүхэнд тусдаг өвчин. Тиймээс анхдагч нам, ууган улс төрийн хүчин гэх боломж муутай. Тэгээд ч МАХН нь тэдэнтэй түүхээ булаацалдаж байна. Магадгүй энэ тулаанд МАХН нь ялагч болж гарч ирж мэднэ.

            Ийм нөхцөлд харин МАН-АН гэсэн стандарт бус засаглал тогтоолцсон Ардчилсан нам тэднээс өвчний халдвар авахгүй байхын тулд сүүлийн үед дархлаагаа сайжруулах гэж мэрийж буй бололтой. Гэвч тэнд Н.Алтанхуягийн “Алтан гадас”, З.Энхболдын “Ардчилсан хүчний холбоо”, Х.Баттулгын “Ардчилсан холбоо” гээд хоорондоо алалцах хүчин мундахгүй их. З.Энхболд, Х.Баттулга нар үг хэлээ ололцоод Н.Алтанхуягаа “золигт” гаргачихвал хойтон жилийн сонгуулиар УИХ-д олонхи суудлыг эзэлнэ гэсэн таамаг тавих хүн ч цөөнгүй болжээ. Ардын намын бөөрөнд наалдаж, үндсэн хуулийн бус Засгийн газарт орж ажилласан нь Н.Алтанхуягийн том алдаа гэх хэсэг бас байгаа.  

            Ерөнхийдөө өнөөгийн улс төрчид иймэрхүү янзтай нойрноос сэрж байх шиг байна. Ардын намынхан зонхилсон УИХ-ын 20 гишүүн Засгийн газарт Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлэх шаардлага тавьснаараа энэ намрын улс төрд доргилт өглөө. Тэд хэрвээ энэ гэрээг ард түмэнд ашигтайгаар өөрчилж чадахгүй бол зайгаа тавьж өг гэсэн болзол тулгав. Дараа нь Таван толгой дээр хатуухан яриа бий гэдгийг нь санууллаа. Н.Энхбаярынхан болохоор Ардын намд хандан энэ хоёр гэрээгээ янзалчихаад бидэнтэй юм ярьж болно гэж томорсон. Мөн дээр нь авлигыг таслан зосоосон цагт хамтарч ажиллана, чадахгүй бол нэг нүдээрээ ч харахгүй гэлээ. Эдгээр нь улс төрийн тогоонд буцалж буй ирэх сонгуулийн өнгийг тодорхойлох зүйлс яах аргагүй мөн болов уу. Ардын нам сонгуулийн хуулийг гацааж, саяхнаас Ардчилсан намын сүүлчийн хувилбар 38:38 дээр тогтож ярилцахаар боллоо. Гэвч эд нар яадаг л бол доо гэсэн хардлагыг тээсээр байна.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top