Монголын хамгийн анхны нээлттэй хүн

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 10

Энэ сар УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн хувьд нээлттэй сар байх нь. Өврийн сайхан хангай нутгаас УИХ-д сонгогдсон тэрээр Их хурлын гишүүдээс анх удаа “Нээлттэй хаалганы өдөр”-ийг хийж байна. Төрийн байгууллагууд сард нэг удаа “Нээлттэй хаалганы өдөр” хэмээн зохион байгуулж, цоож цуургаа авч, иргэдийг нэг гялайлгадаг. Харин “Толин хул”-ын зохиогч түшээ “Нээлттэй хаалганы өдөр”-өөрөө сонгогчдодоо бүрэн танилцуулгаа хийх юм байх. Байгууллагуудын л нээлттэй өдөрлөгийг мэдэх хүмүүс “УИХ-ын гишүүн нээлттэй хаалганы өдрүүд хийхээр яадаг юм бол” хэмээн сэм сонирхож байгаа сурагтай. Зарим нь бүр зорьж очин дэргэдээс нь харж, “Амжилттай болвол дараа нь хуулбарлана аа” хэмээн туршлага судалж байгаа ч гэнэ. Энэ сарын 5-27-нд үргэлжлэх түүний нээлттэй хаалганы өдөрлөгийг “чулуу” болгох хүсэлтэй хүмүүс ч олон байна. Ялангуяа, сонгогчид нь “20 хоног нээлттэй байх юм гэнэ. Харин 28-наас хойш хаалгаа хаачихвал өнгөрлөө. Нээлттэй байгаа дээр нь амжиж амласныг нь авч, элдэв янзын гуйлгаа гуйгаад авъя” хэмээн анаж байгаа аж. Бүр бор дарсанд дуртай зарим нь “АПУ-гийн Г.Батхүү нээлттэй байх нь. Алив нэг шил юм өгөөч гэвэл дургүйцэхгүй байлгүй” хэмээн горьдож байгаа нь ч бий бололтой. Ямар боловч парламентад суугаа ангийн нөхдөөсөө анх удаа “Нээлттэй хаалганы  өдөр” хийсэн түүнийг “Монголын хамгийн анхны нээлттэй хүн” хэмээн цоллож, дээд амжилт бүртгэх ямар нэг ном гарвал бүртгэхэд ч болохгүй зүйл үгүй мэт.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top