Коммунизм байгуулах зорилгоосоо ардчилалын зам руу огцом эргэсэн Монголчууд 90-ээд оны эхээр зах зээл гэдэг юмыг Дэнжийн мянгын бараан захаар төсөөлдөг байлаа. Эхэн үедээ бүгдээрээ ганзагачин байсан үе эдүгээ домог болон үлдэж үндэсний бизнесменүүд цөөнгүй төрөн гарсан. Хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхдөг хар захын босс гэдгээрээ танигдсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу Дэнжийн мянгын бараан захаа Нарантуул болгон өөрчилж нүүлгэсэнээр өөрийнхөө мөнгөний урсгалыг улам ихэсгэв. Жирийн өдрүүдэд зөвхөн хаалгаар орж гардаг хүмүүс нь 100 мянга хол давдаг гэхээр хэр зэрэг мөнгө Нарантуул захт эргэлдэг нь ойлгомжтой. Бууриа сэлгэн нүүсэн Нарантуул захын өмнө “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүү орчин үеийн тохижилттой “Дүнжингарав” худалдааны төвийн шавыг дуулиан шуугиантай тавьж барилгаа эхлүүлж байсан тэр л үед Ш.Сайхансамбуу боссын нойр хүрэхээ байсан гэдэг. Арга ч үгүй биз. Өөрийнх нь захтай зэрэгцүүлэн том зах босгож зах зээлийг нь булаалцалдан ашиг орлогыг нь хуваалцах гэж буй нэгэнд найр тавин тайван нойрсох хэн байх билээ. Тиймдээ ч Б.Наранхүүгийн эсрэг нэлээдгүй таагүй үг чулуудаж байсан удаатай. Харин сүүлийн үед түүний байр байдал илт өөрчлөгдөж сав л хийвэл “Дүнжингарав” худалдааны төвийг магтах аястай энэ захын хувь заяанд маш их анхаарал тавих болжээ. Учир юув гэхээр УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Мон Ураны” Б.Наранхүүгээс уг захыг газартай нь нэлээд хэдэн тэрбум төгрөгөөр худалдаж авсан гэнэ. Авсан захынхаа нэрийг Нарантуул-3 хэмээн нэрийдэж хүмүүсийг төмөр зам дээгүүр саадгүй явуулах гүүрэн замын гарцны зураг төслөө хүртэл гаргачихсан байгаа аж. Юутай ч Монголын хүнс барааны захуудыг гартаа оруулж аваад байгаа Ш.Сайхансамбуу хар захын “загалмайлсан эцэг” болохоор шийдэв бололтой.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )