Бразилийн Карнавал
Бразилийн карнавал нь жил тутам 4 хоног зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том карнавал бөгөөд Улаан Өндөгний баяр болох он, сар, өдрөөс шалтгаалан жил бүр харилцан адилгүй өдөр эхэлдэг. Өөрсдийн соёлын нэгэн салшгүй илэрхийлэл болгохын тулд засгийн газартайгаа Бразилын ард түмэн ширүүн тэмцэлдсэний хүчинд зөвшөөрүүлж чадсан энэ карнавал үүсэл гарлын хувьд төдийгүй тэмдэглэх хэв маягаараа бусад карнавалаас эрс ялгаатай.
Үүсэл
Карнавал нь виноны бурхан Дионисусыг хүндэтгэн тэмдэглэдэг эртний Грекийн зуны баяраас үүдэлтэй бөгөөд хожмоо Ромчууд энэхүү баярыг боолууд эздүүдтэйгээ хувцсаа сольж өмсөн тасарч унатлаа уудаг Сатурналиа, Бакканалиа хэмээх баяртай хамт тэмдэглэж иржээ. Сатурналиа баярыг Ромын Католик сүмийнхэн Үнст Лхагва гаригийн өмнөх өдөр тэмдэглэдэг болгон хувиргасан байна. (Учир нь үнсийг католик шашны сүм хийдүүдэд адислахад хэрэглэдэг). Энэ нь яваандаа Улаан Өндөгний баярын өмнөх 40 хоногт оюун бодлоороо ухаажиж, бие сэтгэлээрээ хийсэн нүглийнхээ төлөө цээрлэл хүртэж, мацаг барих өдрөөс урьтан хөгжим, хоол унд, архи дарс, мөн секст хөлчүүрхэн эрх дураараа аашлахыг хүссэн олон түмний тэмдэглэдэг баяр болсон байна. Карнавал гэдэг үг нь латин хэлний "Карнэ Валлэ" буюу "Баяртай Мах минь" гэсэн үгнээс үүдэлтэй эжээ. Энтрудо хэмээх Португалийн баяраас өвлөн авсан Бразилын Карнавалыг өнцөг булан бүрт маш өргөн дэлгэр, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойгоор тэмдэглэж ирснээс 3 хэв маяг онцгой түгжээ.
Карнавал Рио Дэ Жаниеро-д
Орчин үеийн Бразилийн карнавалын үндэс суурь 1845 онд хотын баячууд Парисаас масктай наадагчид, бүжигчдийг авчирснаар тавигдсан бөгөөд цаг хугацаа улиран өнгөрөх тусам энэ баяр Латин Америкийн болон Африкийн ард түмний соёлын элементүүдийг өөртөө шингээх болсон байна. Риогийн карнавал бол дэлхийд хамгийн алдартай нь. Мянга мянган бүжигчид, бөмбөрчид, дуучдаар хүрээлүүлсэн аварга том тайз болгон зассан гайхамшигтай гоё тэргүүд Самбодромо цэнгэлдэх хүрээлэнгээр эргэлдэн уран хийцтэй ганган хувцас (эсвэл ямарч хувцасгүй байх нь ч элбэг) –аар гоёсон хүмүүс баярын жагсаалд бүжиглэн урагшлаад... Бразилийн карнавалын салшгүй нэгэн хэсэг болох самбо бүжиг нь Анголын семба, Европын полька, Африкийн батик, Кубын хабанера бүжгийн нийлмэл цогц юм байна. Өнөөдөр карнавалыг 1928 оноос эхлэн үүд хаалгаа нээж ирсэн олон тооны самбо бүжгийн сургуулиуд зохион явуулж байгаа нь үнэн хэрэгтээ хөгжмийн бүлгүүд гэхээсээ илүү боловсрол, эрүүл мэндийн халамжийг хамарсан төрөл бүрийн үйл ажиллагааг явуулж байгаа хөршийн холбоодын нэгдэлүүд болжээ..
Карнавал Сальвадор Да Бахиа-д
Сальвадор Да Бахиа нь 1549-1763 оны хооронд Бразилын төв байсан тул хөгжмийн нийслэл хот болон үлджээ. Тиймээс өнөөдөр Сальвадор хот латин Америк дахь Африкийн соёлын хамгийн том төв байсаар байна. Колонийн үеийн хийцтэй, бул чулуун байшингуудын дундаас андуурахын аргагүй Бахиан бөмбөрийн чимээг та бонсох болно. Карнавалын үеэр Блокос Афрос хэмээх хэдэн зуун бөмбөрчдийн хамгийн сүүлийн үеийн поп хөгжмийн хэмнэлд бөмбөрөө дэлдэх нь сонссон хүний зүрхийг хөөргөн сэтгэлийг эзэмдэхгүй байхын аргагүй. Хагас зуун жилийн өмнө эхэлсэн энэ хөдөлгөөн өнөөдөр Хар Арьст хүмүүсийн арьсны өнгөөрөө бахархах үзлийг улам батжуулах аяны томоохон төлөөлөл болсныг "Олодум, Ара Кэту, Иллэ Аивэ, Тимбаладаг бид нар 20 жилийн өмнө эхлүүлж байсан. Тэр цагт хар арьст хүмүүс өөрсдийн арьсны өнгөнөөсөө ичдэг байсан тул ичих бус харин түүгээрээ бахархах сэтгэгдлийг төрүүлж, Бахиад Африкийн соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд ямар нэгэн зүйл хийх ёстой гэж бодсон юм" гэж ярьснаас харж болно. Яг л Рио Дэ Жаниеро шиг Сальвадор хот карнавалаараа алдартай. Рио Самбагийн сургуулиуд, нүд гялбуулам хувцасаараа гайхагддаг бол 2 долоо хоног үргэлжилдэг Бразилын гудамжны карнавал Сальвадорт болдгоороо онцлогтой. Хөгжим үдээс хойш аль болох эрт эхэлж дараа өдрийн өглөөний 7,8 цагийн үед дуусдаг байна.
Карнавал Пернамбуко-д
Бразилийн баруун хойд бүс нутгийн Пернамбуко мужийн нийслэл Хэсифи болон ойролцоох хот Олиндад карнавалыг тэмдэглэх нь үнэхээр онцгой. Оролцогчдынхоо тоогоор Гиннесийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн том баярын жагсаал энд болдог бөгөөд Рио Сальвадорын карнавалаас ялгаатай нь жагсаалын группуудын хооронд тэмцээн болдоггүй. Ихэвчлэн Африкийн хөгжмийн урсгал давамгайлсан Трокас, Маракутас хэмээх карнавалууд албан ёсны карнавал эхлэхээс 7 хоногийн өмнө эхэлж карнавал дууссан долоо хоногийн бүтэн сайн өдөр өндөрлөдөг ажээ.
Карнавалын он, сар, өдрүүд ( 2002-2009 оны байдлаар)
2002 оны 2 сарын 11, 12
2003 оны 3 сарын 3, 4
2004 оны 2 сарын 23, 24
2005 оны 2 сарын 7, 8
2006 оны 2 сарын 27, 28
2007 оны 2 сарын 19, 20
2008 оны 2 сарын 4, 5
2009 оны 2 сарын 23, 24
Сэтгэгдэл ( 0 )