Залуу гэр бүлд эвдрэлцэл, үл ойлголцол авчирдаг гол шалтгааны нэг нь хоёр өөр орчинд өсөж хүмүүжсэн хүмүүсийн харилцаа, үзэл бодол, аливаад хандах хандлагын ялгаатай, зөрүүтэй байдлаас үүдэх нь элбэг.
Та хамтын амьдрал зохиогоод ирэхээр бие биеийнхээ өмнө нь төдийлөн анзаардаггүй байсан зан чанарын нарийн ширийн зүйлийг таньж мэдэх, дасан зохицох, буулт хийх, тохирох гэх мэтчилэн зайлшгүй шаардлага гарч ирнэ. Үүнд аль ч талаас тэр тэсвэр, тэвчээр хэрэгтэй.
- Зөрчил маргааны талбарыг аль болох багасгах. Маргах болсон үндсэн сэдвийн тухай л ярь. Түүнээс биш урьд өмнөх явдал, алдаа дутагдлыг нь сөхөх хэрэггүй.
- Гэр бүлийн явган хэрүүлийг зарим нь гэм мэт үздэг. Гэтэл Оросын сэтгэлзүйчдийн үзэж буйгаар чухам өдөр тутмын, яршигтай явган хэрүүл нь сайхан харьцааг сүйтгэгч, хайр сэтгэлийг баллуурдагч гол дайсан гэнэ.
- Зөрчил маргааны үед дуу хоолойныхоо өнгө аяс, хэлж буй үгэндээ анхааралтай ханд. Дуугаа өндөрсгөх ёжлож тохуурхсан өнгө аяс гаргах, огцом түргэн аашлах зэрэг нь мөн адил урвалыг бий болгоно. Ямар ч хэцүү сэдвийг тайван өнгө аясаар ярих нь ойлголцолд түргэн хүргэнэ.
- Хэн нэгнээ хүмүүжүүлэх гэсэн сэтгэлзүйн техникээ өөрчил. Таалагдахгүй байгаа дадал зуршлыг нь тэр дор нь "хумих" гэсний хэрэггүй. Бүтэх ч үгүй асуудал. Харин яагаад тэр зуршил нь танд, ойр орчныхонд нь тийм таатай биш болохыг түүнд тайлбарлаж өг, холбогдох ном сэтгүүл уншуул. Тэр аажмаар эвгүй дадал зуршлаасаа сална.
- Аль ч тал нь тэр буулт, тохиролцоо хийж сурах хэрэгтэй. "Минийх зөв" гээд дайраад байвал гэр бүлийн уур амьсгал улам хүйтэрнэ.
- Ондоо үзэл бодол ашиг сонирхлыг тас цохих, хүчээр ойртуулах гэсний хэрэггүй. Хэн нэгнийхээ үзэл бодол, байр сууринд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж сур. Энэ бүх ялгаа огцом бус, аажмаар, гэр бүлийн эрх ашгийн төлөө харилцан нэгддэг жамтай.
Сэтгэгдэл ( 0 )