Н.Энхбаяр “Улс төрийн хар ном”-доо дарангуйлагч явсан цаг үеээ хэрхэн бичиж үлдээх бол оо

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 12

МАХН-ын дарга Н.Энхбаяр хуучин андуудаа өөрт нэгтгэх гээд тун завгүй яваа бололтой. Ойрноос МАН руу сүрхий давшиж байна. “Тусгаар тогтнолын ордон” гэх намын шинэ байранд нь үүрээ засахыг Н.Энхбаяр чухалд тооцжээ. Тэрбээр “УИХ-д сууж буй МАН-ын гишүүд анх МАХН-аас нэр дэвшин сонсогдсон шүү дээ, одоо тэр нам чинь хэвээрээ л байж байна, Та нар наашаа хүрээд ир” хэмээн улс төрчдийг даллах болсон нь бүр ч гаажтай. Намын түүх нь энэ хоёр намын булаацалдааны  бас нэг талбар болов. Мөн Н.Энхбаярын зүгээс МАН руу турхираад байгаа өөр нэг зүйл бол “Та нар таван толгойг 100 хувь ард түмэндээ өг. Авлигын гэмт хэргийн таслан зогсоо. Тэгсэн цагт би та нартай хамтран ажиллаж болно” гэж  томорч байна. Нэр хүнд нь навсайтлаа унаж яваа МАН-ынхан үнэндээ муу нэртэй, луу данстай Н.Энхбаяртай хамтран сонгуульд орохгүй бол ялах тухай санахын гарц гэх судлаачид бас цөөнгүй боллоо. Яг ийм шокын байдалд орсон үеэр нь нэг өдөр Н.Энхбаяр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй нэлээд удаан хугацаагаар уулзсан гэнэ. Тэд юу ярьсан нь одоогоор нууц ч гэсэн тааж ядах юмгүй л дээ. Н.Энхбаярын дэргэд У.Хүрэлсүх бол дэндүү жижигхэн амьтан. Ядаж л англи хэл дээр ном уншиж чадахгүй. Гэхдээ нэг муу ямаан омог, зальжин зан нь хэрэг болдог үе байсан байх. Монголын улс төрийн амьдралын гол луужин болохоор олигтой хүн МАН-д ховор байгаа энэ цагт У.Хүрэлсүхийг С.Баяр гаргаж ирсэн болохоос биш энэ нөхөр улс төрд уг нь хэн ч биш гэх эх сурвалжууд тоймгүй олон. Гэвч улс төрийн төөрөгдөл газар авсан ороо бусгаа энэ цагаар чөтгөр ч гэсэн улс төрч болчихоос сийхгүй тул  яалтай билээ.

            Н.Энхбаяр У.Хүрэлсүхийг тоож уулзсан нь тун сонирхол татаж буй тул ийнхүү өмнөтөл маягаар зарим санаагаа хэлж буй хэрэг шүү дээ. МАН-ын лидер гэгддэг  С.Баярыг олон түмэн 7 сарын 1-ний хэргээр барьцаалчихаад байгаа. Мөн Оюу толгойн гэрээг ард түмэндээ ашиггүйгээр хийсэн гэх мэт түмэн янзын хар мөрүүд нь мөддөө арилахгүй. Иймээс  МАН түүнийг түшиж нэр хүндээ өсгөх хөг нь өнгөрч байх шиг байна. Тийм болохоор МАН-ынхан У.Хүрэлсүхээсээ эхлээд Н.Энхбаяр “ах”-ыгаа бараадах нь зөв болох биз хэмээн тэрхүү уулзалтынхаа үеэр мэдэгдсэн тухай нэгэн баттай эх сурвалж хэллээ. Ч.Улаан гишүүн үүнийг нотлох мэт саяхан “Надад МАХН-ын батлах байгаа. Ер нь МАН, МАХН ялгаагүй зүүний чиглэлийн  нам юм” гэсэн нь МАХН-даа буцаад орсон ч яахав гэж буй мэт сонсогдох ажээ.

Түүнээс гадна Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн мэтийн намдаа жаахан шүүмжлэлтэй ханддаг гишүүдийг У.Хүрэлсүх хавчин гадуурхах болсон гэнэ. Мань хүн сав л хийвэл тэднийг Н.Энхбаярын хүн хэмээн ойр тойрныхондоо ярьж суугаа нь түүний улс төр дэх орон зай, зангараг дэндүү өчүүхэн болохыг харуулж буй хэрэг. Улс төрч хүн бол намууд нэгдэх, хуваагдах ийм цаг үед  дэвшилтэт үзэл санаа цухалзуулсан гишүүдээ ялгаварлан гадуурхвал өөрөө унадаг жамтай. Д.Тэрбишдагвын хувьд ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших боломжгүй болж байгаа ажээ. Түүнийг нам нь У.Хүрэлсүхийн захиалга, хор найруулгаар сэмхэн хөөх сурагтай байна. Ц.Батбаяр гишүүн ч бас Засгийн газарт “өштэй” мэт шүүмжилж явсныхаа шанг хүртэх болов уу. Тэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг хоёр удаа огцруулах гэж оролдсон. Одоо дахиад ийм оролдлого хийхэд бэлэн байгаа гэнэ. Тиймээс МАН-д байх “гавъяа” түүнд үгүй болж буй юм.

Уг нь Н.Энхбаярт С.Баяр л гол дайсан нь байсан. Гэхдээ тэр энэ удаа жаахан мулгуудуу ч гэсэн хүний хэлсэн үгийг бусдад сайн дамжуулж чаддагаар нь У.Хүрэлсүхтэй уулзаж ярилцав бололтой. Харин дараагийн ээлжинд хүссэн ч, эс хүссэн ч С.Баяр өөрөө гүйж очоод Н.Энхбаяртайгаа уулзах байх. Ингэх учир шалтгаан бий. Юув гэвэл Н.Энхбаярын гарт томоохон хөзөр атгаастай байгаа. Тэдний гадаадынхантай хийсэн албан бус янз бүрийн яриа, авлигын шинжтэй гэмт үйлдлүүдийн тухай цөөнгүй баримтын хамт олоод авчээ. Тиймээс Н.Энхбаяр өнөөдөр том дуугарч байна. Тэр бүү хэл “Улс төрийн хар ном” бичиж байгаа тухайгаа нийтэд зарласан юм. Харин тэрхүү номондоо өөрийнхөө бусармаг явдлууд болон шинэ цагийн даргангуйлагч болж явснаа хэрхэн өгүүлэх нь хүмүүст илүү сонирхолтой байх болов уу. Хамгийн хачирхалтай нэг зүйл гэвэл тэрбээр одоо Германд шүүгдэх гэж байгаа Б.Хурцын гараар тухайн үед хүн хулгайлуулаад С.Зоригийн хэргийг хаалгах байсан уу гэсэн эргэлзээ, таамаг хаа сайгүй тэнүүчилж байна. Ямартай ч Н.Энхбаяр МАН-ын томчуудыг атгандаа хийгээд дараа нь өөрөө төрийн жолооны ард суухаар төлөвлөж байгаа нь  дээрх уулзалтаас илт ажээ.   

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top