Д.Дорлигжав, С.Зоригийн хэргийг илрүүлэхэд ахиц гарч буйг мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 12


С.Зориг агсны амийг хороосон аймшигт явдал болж өнгөрснөөс хойш 11 дэх намартайгаа бид золгож байна. Түүний үхэлтэй холбоотой олон баримт алга болсон гэдэг. Хэргийг шалгах ажлын хэсгийнхнээс өөрчлөгдсөн тохиолдол цөөнгүй. Энэ далимаар тэдгээр баримтууд устгагдсан байж болох юм. Солонгос улс руу шинжилгээнд явуулсан үсний ширхэг учир битүүлэг хэвээр үлдсэн гэдэг. Шилжилгээнд өгсөн тэрхүү ширхэг үсийг тайрч танаж болохгүй, яг хэвээр нь аваачих ёстой байсан гэнэ. Гэвч хэн нэгэн саваагүй юм уу, санаатай этгээд уг үсийг дундуур нь тайрч хаяад шинжилгээний шаардлага хангахгүй болгосон байжээ. Талийгаачтай ардчиллын төлөө анхнаас нь хамтран зүтгэсэн Ерөнхий прокурор Д.Дорлигжав харин энэ бүх бүтэлгүй явдлуудад цэг хатгаж байх шиг байна. С.Зоригийн үхэл улс төрийн зарим хүчинд овоо том олз, ашиг авчирсан юм. Ялангуяа хуучин МАХН-ын лидерүүд “С.Зоригийн үхэлд Ардчилсан намынхан өөрсдөө буруутай” гэж байлаа. Мөн “С.Зоригийн хэргийг манай нам л сонгуульд ялаад гараад ирвэл илрүүлэх бүрэн боломжтой” хэмээн олон түмнийг төөрөгдүүлэн засгийн эрхийг авч байсан нь саяхан. Түүгээр зогсохгүй “С.Зоригийн хэргийг илрүүлбэл 500 сая төгрөгөөр урамшуулна” гэж байв. Ингээд Дамирангийн Энхбат гэгч эрийг Францаас хулгайлж авчран хүчээр гэрчийн мэдүүлэг авч, хэрэгт холбогдуулах гэсэн боловч чадаагүй юм. Тэгвэл Д.Дорлигжав ардчиллын анхны алтан хараацай гэгддэг С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажлын явц, шаардагдаж буй зарим зүйлийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн өмнөхөн анх удаа ийнхүү мэдээлэл хийсэн нь уг хэрэг нааштайгаар эргэж, ахиц гарч буйг харуулсан явдал  болов бололтой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдсан зүйлүүд цөм нууц ч гэсэн хүмүүс ийм ойлголттой хоцорч байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэргийг илрүүлэхэд шаардагдаж буй зүйлд зохих туслалцаа үзүүлэхийг чухалчилжээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top