Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах тухай яриа гараад удаж байна. Энэхүү аймшигтай ажлыг санаж сэдсэн, хийхийг оролдож буй төрийн албан хаагчдын нэр түрүүчээсээ тодорхой болж байгаа. Тэдгээрийг Zindaa.mn сайт урьд нь мэдээлсэн юм. Тэгвэл саяхнаас зарим иргэний байгууллагууд гадаад улс орнуудын цөмийн хог хаягдал булшлахаас гадна Монголдоо атомын цахилгаан станц барихыг тас хориглохыг санал болгоод байгаа. Үүнийг нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан дэмжиж буй ажээ. Тэрээр “Монгол улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ дэлхий нийтэд зарласан. Одоо тэгвэл цөмийн эрчим хүч ашиглаж, атомын цахилгаан станц барихгүй гэдгээ албан ёсоор дэлхий нийтэд зарлах ёстой” гэлээ. Гэвч манайхан цөмийн энергийн талаарх төрийн үзэл баримтлал, хууль тогтоомжоо шинэчилж, батлаад удаагүй байна. Ер нь уран олборлоход радио идэвхт цацраг ялгардаг. Тиймээс бас уран олборлохгүй байх нь зөв бололтой. Харин Г.Баярсайхан гишүүн энэ талаар бага зэрэг зөрүүтэй зүйл хэлээд байх шиг байна. Мань хүн уран боловсруулах эхний үр дүн гэж хэлж болох өнөөх шар нунтагийг экспортлоход буруу юм байхгүй гэнэ. Гишүүн маань жаахан будилаад байгаа юм болов уу даа. Тэрхүү шар нунтаг болгох процесст ямар аюултай зүйл ялгардагийг уг нь мэддэг л баймаарсан.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )