Түргэний эмч нар осолд орсон хүмүүсийг нисдэг тэргээр хааш нь аваачсаныг мэдэлгүй хоцорчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 13


Дахиад л авто замын осол. Энэ удаагийн дуулиан тарьж буй осолд өртөгсдийг нэгэн нисдэг тэрэг хүрч очоод аваад явсан нь хүмүүст урьдынхаас илүү содон соногдож байна. Төв аймгийн Баянчандмань сум, Сонгинохайрхан дүүргийн нутгийн зааг дээр болсон энэ осол өнгөрөгч бямба гарагт 16 цагийн орчимд гарчээ. “Х-Trail” маркийн машин, цагаан өнгийн “портер” маркийн ачааны машинтай мөргөлдсөн байна. Замын цагдаа, түргэн тусламжийн эмч нар тэнд шуурхай явж очсон бөгөөд осолд орсон хүмүүст үзүүлэх үйлчилгээгээ хийж амжсан гэнэ. Харин “Х-Trail” маркийн машинд сууж явсан дөрвөн эмэгтэйг тэр үед гэнэт нэгэн нисдэг тэрэг хүрч ирээд засмал зам дээр буулт хиймэгцээ ачиж аваад нисэн оджээ. Ослын улмаас азаар хүний амь үрэгдээгүй юм байна. Монгол улсын төрийн далбаа наасан цагаан өнгийн, “Ju 5588” дугаар бүхий уг нисдэг тэрэг нь хувийн компанийх хэмээн зарим эх сурвалжууд хэлж байна. Харин эмч нар өвчтөнүүдээ тэрхүү нисдэг тэргээр хаана аваачих гэж байгааг мэдэлгүй хоцорсон нь тун сонин. Бодвол эмнэлэгт л хүргэж өгсөн биз гэх хачирхалтай тайлбар хэлээд сууж буй ажээ, эмч нар. Уг нь түргэн тусламжийн эмч нар өөрсдөө эмнэлэг рүү аваад явах журамтай. Гэтэл тэгсэнгүй. Мөн өөр нэгэн эх сурвалж “Осолд  орсон хүмүүсийн биед ил шарх байгаагүй. Зөвхөн зөөлөн эдийн гэмтэлтэй байсан” гэж байна. Ямартай ч хувийн нисэх компанийхан өөрсдийн ажилтнуудаа осолд өртмөгц шуурхай нь аргагүй ийнхүү ажилласан бололтой.  

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top