Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатарын хэрүүл тасрах биш дээ. Манай дарга нарын хор найруулга ч дундрахгүй бололтой. Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг энэ сарын 1-нээс эхлэн ганцхан “Хадгаламж” банкаар дамжуулан олгох болжээ. Дарга нар ийм шийдвэр гаргасан гэнэ. Энэ нь тус банкинд монополь эрх олгосон хэрэг гэж Ганбаатарчууд үзжээ. Үйлдвэрчний байгууллага нь хэзээ ямагт ард түмэн, хөдөлмөрчдийнхөө төлөө ажилладаг. Тиймээс тэдний ийнхүү яриад байгаа нь үнэн болов уу. Мөн тэд үүнийг дан ганц Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн удирдлагатай холбогдуулан яриагүй юм. С.Ганбаатар “Засгийн газар МҮЭ-тэй зөвшилцөлгүйгээр иргэдийн эрх ашгийг боогдуулсан шийдвэр гаргаж байна” гэв. Ер нь сүүлийн үед “Хадгаламж” банкнаас тэтгэвэр, тэтгэмж авах болсон иргэд маш их гомдол тавьж байгаа юм байна. Өнөөх “Хүний хөгжил сан”-гийн 21 мянгаа авах гээд өдөржин шөнөжин дугаарлан зогсдог болжээ. Гэтэл дээр нь бүх тэтгэвэр, тэтгэмж авагчид нэмэгдэж ачааллыг хэд дахин нэмэгдүүлсэн байна. Нөгөө талаар аль банкаар үйлчлүүлэх нь иргэдийн эрх ажээ. Энэ талаас нь үзвэл хүний эрхийн асуудал ч үүсээд байна. Тиймээс С.Ганбаатар иргэдээ өмөөрч Засгийн газар болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ийм буруу шийдвэрийн эсрэг сөрж зогсохоор шийджээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )