Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд талд НҮБ-ын шинэ байрны барилга дээр уржигдар осол гарчээ. Энэ осол согтуу ажилчны буруугаас болж гарсан байна. Хаа сайгүй согтуучууд хөлхөж байдаг манай орны хувьд энэ нь бараг ердийн үзэгдэл мэт ажээ. Барилгын туслах ажилтнаар ажилд ороод арав гаруй хонож байсан П.Нямлхагва гэдэг залуу барилгын долоон давхраас шаттайгаа унаж, хүнд гэмтсэн байна. Тэрээр одоо Гэмтлийн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. П.Нямлхагва нь “Pink Power” компаний ажилчин бөгөөд тухайн үед “Түвшин гэгээ” компаний нэгэн согтуу ажилчин өргөгч шатных нь төхөөрөмжийг гэмтээснээс тэр шаттайгаа доош унажээ. Түүнтэй хамт өөр хоёр залуу шатан дээр зогсон ажиллаж байсан байна. Харин тэд шат унах гэж буйг мэдмэгц хажуугийн цонх руу үсрэн орж амьд үлдсэн гэнэ. П.Нямлхагвагийн хувьд цонхноос хол байсан тул үсрэх боломж олдоогүй бололтой. Согтуу ажилчныг тэр дор нь цагдаа нар эрүүлжүүлэх байр руу авч явжээ. “Pink Power” компаний удирдлагын зүгээс ийм явдал болсонд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэхийн сацуу “Хэдийгээр манай ажилтнуудын буруутай үйлдлээс энэ хэрэг болоогүй ч гэсэн бид П.Нямлхагваг хөл дээрээ босгоход бололцоотой бүхнийг хийнэ” гэж ар гэрийнхэнд нь хэлсэн байна.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )