С.Оюун гишүүн талийгаач С.Зориг ахынхаа хэргийн илрүүлэлтэнд ахиц гарч байна гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 14

Монголчууд С.Зориг агсны  хэргийн учиг тайлагдахгүй удаж байгаад сэтгэл эмзэглэсээр ирсэн юм. Харин улс төрийн ашиг хожоо хайгчид энэхүү аймшигт хэргийг олон удаагийн сонгуульд тун овжин ашиглаж байлаа. Ялангуяа Н.Энхбаярын толгойлж байсан хуучин МАХН-ынхан  2000, 2004 оны сонгуулийнхаа гол ПИ Ар-ыг С.Зоригийн үхлээр хийсэн юм. Н.Энхбаяр “Энэ хэргийг илрүүлсэн хүнд 500 сая төгрөг өгнө” гэж амласан нь сүүлдээ цагдаагийнхан зохиомол хэрэг үүсгэхэд хүрч байв. Мөн “Манай нам л сонгуульд ялвал энэ хэрэг илэрнэ” гэж сурталчилж байсныг хүмүүс  мартаагүй байгаа. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анх удаагаа С.Зориг агсны хэргийг мөрдөн шалгах ажлын явцтай танилцсан байна. Анх удаагаа гэдэг нь өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Н.Багабанди нар үндсэндээ С.Зоригийн хэргийг мартаад байсан гэсэн үг шүү дээ. Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав хэргийн илрүүлэлтийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс онцгой анхаарал хандуулан, шаардлагатай бүх арга хэмжээг авахаа илэрхийлсэн нь олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, ашгүй дээ одоо л болох нь гэсэн найдлага төрүүлэв. Талийгаачийн дүү, УИХ-ын гишүүн С.Оюун “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ хэргийг ярьж, анхааралдаа авсан нь хэргийг илрүүлэхэд нэг ахиц гарлаа гэж үзэж байна. Өнгөрсөн хавар Ерөнхийлөгчид энэ хэрэгт анхаарал тавихыг хүссэн. Ерөнхий прокурор Д.Дорлигжав хэргийг мөрдөн шалгаж байгаа болон хуулийн шат шатны байгууллагуудад  энэ чиглэлээр ахиц гаргаж, хурдан шуурхай, хянуур ажиллах үүрэг чиглэл өгсөн байна. Энэ нь хэргийг илрүүлэхэд дөхөм болж байна” гэжээ. Тэрээр сэтгэл хангалуун байгаа бололтой.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top