Ц.Даваасүрэн гишүүнийг ихэнх улс төрчид цэх шулуун үгтэй, аливаад тууштай хэмээн үнэлдэг. Харин түүний шүүмжлэлд дургүйцэгчид нь ирэх сонгуульд намаасаа нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдэж байгаа. Гэвч тэр үүнд огтхон ч эмзэглэхгүй яваа бололтой. Учир нь түүнийг төрж өссөн нутаг Хөвсгөл аймгийнхан нь ихээхэн дэмждэг гэнэ. Тиймээс пээдгэр суух нь аргагүй биз. Болохгүй бол бие даагаад нэрээ дэвшүүлж орхино гэж тооцоолсон болов уу. Саяхан харин тэр Хөвсгөлдөө очоод тун эвгүй байдалд оржээ. Яасан гэхээр, түүнээс нутгийнх нь нэгэн өвгөн “Гишүүн та шинэ намд ороо юу” гэж асууж л дээ. Ц.Даваасүрэн гайхаад, “Үгүй, МАН-даа байгаа” гэжээ. Гэтэл цаад өвгөн нь түүний өөдөөс тавлах аятай жуумалзсанаа, “Харин тийм ээ. Та шинэ намд л байгаа юм байна шүү дээ” гэсэнд тэр юу ч дуугарч чадалгүй таг чиг болж, цааш зөрж алхсан гэнэ. Ийнхүү хөдөөгүүр ер нь МАН, МАХН хоёрын аль шинэ, аль нь хуучин нам болохыг ялгахаа больсон хүн цөөнгүй ч ихэнхдээ МАН-ыг дөнгөж үүсэн байгуулагдсан шинэ нам, харин МАХН бол Монголын ууган улс төрийн хүчин гэж үзээд байгаа ажээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )