Л.Пүрэвдорж эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдмагц сэтгүүлчдээр дамжуулан гомдол тавьж эхлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 15

Өндөр албан тушаалтнуудын хэрэг ихээхэн удаан шалгагдах юм. Зарим нь тэгсхийгээд замдаа салхинд хийсээд алга болж байна. УИХ-ын гишүүн бол яагаад ч гэмт хэрэгтэн болохгүй ажээ. Газар дээр нь, гэмт үйлдлийн торгон агшинд нь гардаж барьж аваагүй бол гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй юм байна. Гэхдээ амьдрал дээр ийм юм хэзээ ч байгаагүй, байх ч үгүй гэж хуулийн мэргэжилтнүүд сэмхэн хоорондоо шивнэлдэж сууна. Тэд хамаагүй чанга дуугарч болохгүй л дээ. Хэрвээ тэгж хашгирвал Ц.Нямдорж сайддаа толгойгоо хяргуулна. Ажилгүй болох бол энүүхэнд. Шүүхийн шинэтгэлийн явцад Ц.Нямдоржийн хариуцсан салбар ийнхүү нэг л эвгүй, харанхуй оргиод байх юм. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болдоггүй УИХ-ын тухай хуулийн дээрх заалт нь Үндсэн хуультай зөрчилдөөд байна. Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх үндсэн хуулийн үзэл санааг ийнхүү хааж боосон хуультай болсон нь өнөөх У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар, Л.Гүндалай нарын хэрэг мандаад, арай хийж намжих үед хамаарах ажээ. Тэр үед Ардын намыхан УИХ-ын тухай хуулийн тэрхүү иргэдээ ялгаварласан, хэцүү заалтыг хийж амжсан байна. Тус намынхан үүнээс хойш УИХ-ын гишүүн хүн ямарч хэрэг хийсэн хамаагүй гэсэн санаагаар асуудалд ханддаг болсон бололтой. Аливаа зүйлийг ерөнхий хандлагаар нь баримжаалан тодорхойлж болдог шүү дээ. Тэгвэл мань нөхдийн хандлага нь ийм муухай байж. Одоо ч хэвээрээ байна. Үүнийг нь Оюу толгой, Таван толгой бэлхнээ хэлээд өглөө.

            Ингэж нэгэнт хууль эрх зүйн хандлага нь гажигтай болоод буй тул Д.Дондог, Х.Наранхүү, Л.Гүндалай мэтийн гишүүдтэй холбогдсон хэрэг дашийншоо гэгч болох юм шиг байна. Мөн Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн асуудал ч ялгаагүй.

            “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон олон но-той баримтууд хэвлэлээр удаа дараа бичигдэж байлаа. Одоогийн УИХ-ын гишүүн Х.Наранхүүг тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад ихэнх гэмт үйлдлүүд нь болоод өнгөрсөн гэдэг. Тэрбээр Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржтой үгсэн хуйвалдаж үйлдвэрийн хөрөнгөөс хувьдаа завшсан гэх хэргээр одоо АТГ-т шалгагдаж байна. Тус газрын холбогдох албан тушаалтнуудаас энэ талаар тодруулахад “Х.Наранхүүг бид шалгаж байна” гэхээс өөрийг эс хэлэх ажээ. Харин Л.Пүрэвдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай  саяхан мэдээлсэн юм. Тэдний хэлж байгаагаар бол Л.Пүрэвдоржийн хэрэг нь сүүлдээ Х.Наранхүүгийнхээс тусдаа болж хувирч байх шиг байна.  Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нь “Зоос” банкны хөрөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэдэг асуудлаар бас давхар хэрэг үүсгэгдээд байгаа гэнэ. Гэвч тэрээр энэ хэргийнхээ талаар  “Намайг шалгаж байгаа тухай ёстой мэдээгүй юм байна. Мэдэхгүй болохоор хэлэх үг алга” хэмээн мэлзэж суугаа нь сонин.

            Анх түүнийг Монгол банкны ерөнхийлөгчөөр томилогдох гээд УИХ-аар хэлэлцэгдэж байхад З.Энхболд гишүүн их л дурамжхан “Энэ нөхөр ер нь Монгол банкыг аваад явж чадах юм уу” гэж байсан юм. Тэгвэл өнөөдөр түүний энэ үг олон зүйлийг хэлээд байх шиг. Мэргэжлийн ур чадвараар тааруухан, ашиг сонирхолын зөрчил ихтэй гээд юм юм л түүнд байгаа болов уу. Жил бүр Монгол банкны бодлогын хүү өсч байна. Үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү буурдаггүй. Зээлийн өндөр хүү бизнесийнхэнд хүндээр тусч байгаа гэх мэтээр түүнтэй холбож ярих зүйл мундахгүй их боллоо.

            Харин саяхан тэр гэв гэнэтхэн парламентын сэтгүүлчдийг урин залж Монгол банкныхаа талаар мэдээлэл хийгээд, хамтарч ажиллахыг уриалжээ. Сэтгүүлчид банкыг бараг огт мэдэхгүй. Санхүү, эдийн засгийн нарийн ширийн юмыг бас төсөөлөхгүй. Тэгээд яаж хамтрах гэсэн юм бол, бүү мэд. Бодвол банкныхаа тайлан тэнцлийг хэвлэлүүдээр тарааж цацахыг хамтын ажиллагаа гэж ойлгоод байгаа юм байлгүй дээ. Гэтэл тэртэй тэргүй, түүний хүссэн ч, эс хүссэн ч хэвлэлүүд өрөө тасалгааг нь ухаж байгаад ч хамаагүй хэрэгцээтэй, нууц далд юмыг нь олоод хүмүүст хүргэж л орхино. Мөн сэтгүүлчдийн өмнө хэлж буй зүйлүүд дотор нь УИХ, Засгийн газрын гишүүдэд баахан гомдож яваа тухай  байна лээ.  Төв банк хараат бусаар ажиллах боломжгүй болоод байгаа ажээ. Улс төрийн хүчин, улс төрчид, УИХ, Засгийн газрын хараат болчихсон гэнэ. Инфляцийг бууруулах боломжгүй, зөвхөн хилийн чанад дахь үйлдвэрүүдийг дэмжсэн мөнгөний бодлогоос салж чадахгүй байгаагаа тэр сая л олж харсан юм шиг байна. Тиймээс сэтгүүлчдээр дамжуулан УИХ-ын намрын чуулганы өмнө ийнхүү гомдол, тайлбараа эрх баригчид руу хандуулжээ. Энэ нь бас нөгөө талаар эрүүгийн хэрэгтэн  болчих гээд сандарч буй үед нь хэрэг болно гэж бодсон бололтой. Даанч оройтсон болов уу. Мөнгөний бодлого, инфляцитай мантай мань эр, удахгүй шүүх рүүгээ явах гэж байна.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top