XV Далай ламаар Монголын есөн настай хүүхэд тодорчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 15

  Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц амьд ахуйдаа өөрийн хойд дүрийг тодруулжээ. Гадаадын зарим цахим хуудсууд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлж эхэллээ. Монголчуудын хувьд Далай лам хамгийн ойр дотны хүний маань нэг юм. Тэрээр 1979 оноос хойш манай оронд найман удаа айлчилж, буддын шашны түүх, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Хамгийн сүүлд 2009 онд түүнийг ирэхэд манай урлаг соёлын мастерууд бурхан буддагийн  их хөлгөн судар, сургаалиас сэдэвлэсэн шинэ бүтээлээр ая дуугаа өргөн барьж байсан юм. Сүсэгтэн олон гэгээн мутраас нь адис авах гэж урт дараалал үүсгэж байлаа. Тэгвэл тэр одоо жанч халахын өмнө хойд дүрээ тодруулахаар шийдэж, энэ ажлаа Монголд аль хэдийнээ гүйцэлдүүлсэн тухай дуулиан дэлхийн улс төр, шашин сүм хийд судлаачдын гайхлыг төрүүлэв. Далай лам хойд дүрээ тодруулахдаа буддын шашины уламжилтай Балба, Энэтхэг, Халимаг, Монгол, Энэтхэг зэрэг үндэстний 300 гаруй хүүхдээс сонгожээ.  Өнгөрсөн хавар Америкт айлчлах үеэрээ энэ тухай өгүүлэхдээ “Миний хойд дүр яаж тодрохоос Төвдийн цаашдын хувь заяа хамаарна” гэсэн байна. Үнэндээ Далай лам насан туршдаа Төвдийн тусгаар байдлын төлөө тэмцсэн юм. Хятадууд одоо ч түүнд дургүй хэвээрээ. Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахад нь Хятадын эрх баригчид дургүйцлээ шууд илэрхийлж байлаа. Далай лам Төвдийн төрийн тэргүүний сэнтийгээс сайн дураар бууж, орныхоо хүнийг ард түмнийхээ санал дээр тулгуурлан зарлахад ч бас Хятадын удирдагчид  таатай хандаагүй. Төвдийг хэзээ нэгэн цагт бүрэн мэдэлдээ авна гэсэн санаархлаа Хятад гүрэн гээгээгүй тул Төвдөд байдал түгшүүртэй хэвээр байна. Ийм нөхцөлд Далай лам жанч халахаас өмнө, амьд сэрүүн үедээ өөрийн хойд дүрийг тодруулахаас өөр замгүй болсон бололтой. Хэрвээ жанч халсных нь дараа хойд дүр тодруулах гэвэл Хятадын Засгийн газар өөрийн хүнийг XV Далай лам болгочих боломжтой нөхцөл ч үүсч мэдэх тул ийнхүү уламжлалт ёс жаягаас хазайхад хүрчээ. Энэ талаар Далай лам урьд нь нэг бус удаа сануулж хэлж байсан гэнэ. Тэрээр “Хэрвээ Хятадаас  миний хойд дүр тодрох аваас Төвдийн асуудал бүдгэрч, бүгд мартах буй заа. Тиймээс би амьд ахуйдаа хойд дүрээ тодруулж болох юм. Уламжлалт зан заншилд үл нийцэх ч ингэхээс өөр замгүй” гэсэн байна. Ингээд Далай ламын хойд дүрийг дээрх 300 гаруй хүүхдээс сонгоход Монголын есөн настай нэгэн хүү таарч, тодорсон нь олны анхаарлыг бүр ч их татлаа. Чухам аль аймаг, сумын, хэний хэн гэгч хүү ийнхүү Далай ламын хойд дүр болсон нь одоогоор чанд нууцлагдаж байгаа ажээ. Арга ч үгүй биз. Монголд Хятадын эрх баригчдын гар хөл зөндөө олон юм чинь. Түүнээс гадна нийтэд зарлах ёс жаяг гэж лут юм байлгүй яахав.

            Монголоос Далай ламын дүрийг тодруулах нь олон улсын харилцаанд нааштай, алсдаа тус улсын төрийн бодлого, эдийн засгийн чадамж Азид төдийгүй дэлхийд нөлөөлөхүйц болох хэтийн төлөвийг Далай лам олж харсан  хэрэг болов уу. Ер нь аль ч талаасаа  Төвдийг Хятадад бүрмөсөн уусгаад алдчихгүй байх ганц боломж нь Монгол байж болох юм. Гэхдээ Хятадын эдийн засгийн ноёрхол Монголд урьд урьдынхаас илүү хүчтэй орж ирж байгаа нь бас эргэлзээ төрүүлэх талтай. Төвдчүүдийн үндэстнээ гэх тууштай бодлого, Монгол дахь үндэсний үзэл санааны суурь, шинэ эхлэл зэргийг зөв хослуулбал Хятадын жанжлалын эсрэг баттай зогсож  болох байх аа. Юутай ч цаст уулсын орон Төвдийн эрх чөлөө, тусгаар тогтнол, амар амгалан амьдарлын төлөө ийнхүү Далай лам хойд дүрээ Монголоос сонгосон нь хэдэн зууны цаадахыг олж төсөөлсөн хэрэг болов уу.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top