Н.Энхбаяр Үндэсний ардчилсан нам хэмээн нэрээ өөрчлөн Дээд шүүхэд бүртгүүлэхээр болсон Үндэсний шинэ намын дарга М.Энхсайхантай ирэх сонгуульд хамтран оролцохоор боллоо. МАХН-ынх нь нэр нөлөө улам өсч буй талаар ч Н.Энхбаяр сүүлийн үед хүчтэй сурталчилж эхлэв. Харин түүний хуучин нөхөд буюу МАН-ынхан нэлээд сандарч байгаа бололтой. Намын саналыг нь МАХН хуваалцаж таарна. Мөн Ардчилсан намын саналыг Үндэсний ардчилсан нам хагалж зовооно. Ер нь ирэх сонгуулийн өнгө аяс тун сонирхолтой болох төлөвтэй байна. Н.Энхбаярыг саяхан Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй уулзсан тухай мэдээлэл худлаа байжээ. Аль нэг зүгээс ниссэн бор шувууд тэднийг уулзсан гэж цуурсан бололтой. Н.Энхбаяр ийм мэдээллийг няцаахдаа Ардын намаас С.Баяртай нь ч хамаагүй уулзаж болно гэлээ. Түүний хувьд С.Баяр бол хамгийн хүнд учраа болж таарах байх. Тэр хоёрын түнжин хагарсан асуудлуудын хамгийн том зүйл нь гэвэл 2008 оны 7 сарын 1-ний үймээнт явдал юм. Энэ өдрийн талаар тэд өөр өөр юм яриад байгаа. Тиймээс тэднийг халз өөдөөсөө харж сууж байгаад олон нийтэд нээлттэй ярилцаасай гэх хүн цөөнгүй. Гэвч Н.Энхбаяр “хошин шог” уулзалтын тухай ярихаас хэтрэхгүй нь бололтой. Тэр саяхан иймэрхүү сонин юм ярьсан нь гайхал төрүүллээ. Алиа марзан зүйл ярих цаг уг нь биш л дээ.
Х.Тулга
Сэтгэгдэл ( 0 )