Осолд орогсдыг тээвэрлэсэн нисдэг тэрэг “A Жет Авиэйшн” ХХК-ийнх байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 15

Авто замын осолд өртсөн дөрвөн эмэгтэйг нисдэг тэргээр хот руу аваад “зугтаасан” тухай мэдээллийг та бүхэн Zindaa.mn-ээс урьд нь уншсан байх. Төв аймгийн Баянчандмань сум. Сонгинохайрхан дүүргийн нутгийн зааг 52-ын даваан дээр өнгөрөгч бямба гаригт болсон уг ослыг дуудлагаар ирсэн тэрхүү нисдэг тэрэг нь Батлан хамгаалах яамны мэдлийнх байсан гэх мэдээллийг зарим хэвлэлүүд түгээж байлаа. Тэгвэл энэ нь ташаарсан явдал болжээ. Тэрхүү буянт үйлсийн төлөө зүтгэсэн нисэхийн компани нь “A Жет Авиэйшн” ХХК юм байна. Энэ компани нь байгуулагдаад 11 жил болж байгаа бөгөөд тухайн ослын үеэр тэднийх рүү нэгэн таньдаг хүн нь утасдаж, тусламж хүссэн гэнэ. Ингээд тэд нисдэг тэргээ ослын газар руу яаралтай илгээжээ. Тус компаний менежер Б.Цогоо ярихдаа “Бид гучин минутын дотор осолд орсон иргэдийг тээвэрлэсэн. Иргэний нисэхийн ерөнхий газраас нислэг үйлдэх зөвшөөрөл өгсөн юм” гэлээ. Том оврын ачааны машинтай мөргөлдсөн суудлын тэргэнд сууж явсан дөрвөн эмэгтэй ийнхүү шуурхай үйлчлүүлжээ. Тэдний биеийн байдал сайн, зөөлөн эдийн зарим гэмтэлтэй байсан гэнэ. Харин согтуугаар жолоо барьж аваар гаргах нөхцөл бүрдүүлсэн ачааны машины жолоочийг замын цагдаад шилжүүлжээ.

Х.Тулга   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top