“Эрдэнэт”-ийн захирал Ч.Ганзоригийн бэлгэнд өгсөн “Лексус-570” машин Орхончуудыг бухимдуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 16

 Бэл бэнчингээ гайхуулагчдын бэлэг сэлт зарим хүмүүсийг баярлуулахаасаа илүү бухимдуулж байна. Энэ зуны наадам хавтгайрсныг хэлэх юун. Наадам дагасан бэлгийн хурын арвинг яана. Орхон аймгийнхан ч сайхан наадлаа. Гэвч тус аймгийн Засаг даргын Тамгын газарт гэсэн нэр хаягаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн бэлгэнд өгсөн   “Лексус-570” маркын автомашин нутгийнханыг хоёр талцуулан хэрэлдүүлэх болсон байна. Аймгийн Засаг дарга Г.Оюунбат нь уг машиныг “Надад өгсөн бэлэг” гэнэ. 130 мянга гаруй ам.долларын үнэтэй  “Лексус-570” машин нь 100 км-т 30 гаруй литр бензин хэрэглэнэ. Засаг даргын явах ажил ямар мундах биш. Хаа сайгүй өнөөх үнэтэй машинаараа давхина. Хэн, ямар  машин унах нь өнөөдөр хүмүүст хамаагүй л дээ. Гэхдээ хэний мөнгөөр авч ийнхүү хөлжсөнд хамаг учир бий. “Эрдэнэт” үйлдвэр орлого сайтай ч энэ аймагт нурж унах шахсан хэдэн цэцэрлэг бий. Зарим сургууль нь зөөврийн усан хангамжтай гээд зовлон мундахгүй. Тэр бүгдэд мөнгө хэрэгтэй. Үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нь аймгийн Засаг даргад хувиасаа машин бэлэглээгүй юм байна. Өндөр үнэтэй тэр машин нь үндсэндээ үйлдвэрийн хөрөнгө ажээ. Аймгийн иргэд үүнийг мэдэлгүй яахав. Ч.Ганзориг захирал ч тэрхүү бэлгээ нотолж “Бид аймгаас гаргасан хүсэлтийн дагуу хөрөнгө мөнгө өгсөн. Түүнийгээ яасныг би мэдэхгүй. Иргэдийн хурал нь бидний өгсөн мөнгө төгрөгийг хэрхэн шийдэхээ мэднэ биз” гэжээ. Харин машины “эзэн” Засаг дарга  Г.Оюунбат нь болохоор “Ч.Ганзориг захирал манай албан газрын үүдэнд энэ машиныг авчирч өгсөн. Энэ бол бэлгийн хөрөнгө бөгөөд миний хувийн унаа. Аймгийн төсөв мөнгөнд огт хамаагүй” гэх ажээ. Аливаа бэлэг сэлтийг аймаг орон нутагт олгосон бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь мэдэж шийдэх учиртай л даа. Гэтэл Засаг дарга Г.Оюунбат нь хувьдаа ийнхүү завшаад байгааг хууль бус явдал гэхээс өөр юу гэх билээ. Энэ мэтээр хаа газрын дарга нар бэлгээр хөлждөг болсон юм байна. Орхончууд үүнд бухимдах нь аргагүй юм. 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top