Сонгогчдын санал худалдан авах их аян аймаг бүрд 250 мотоцикл өгөхөөс “Албан ёсоор” эхэлж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 16

  Сонгууль ойртох тусам улс төрийн намууд, нэр дэвшихийг горьдогчид иргэдийн өмнө бөхөлзөж, сүү долоосон гөлөг шиг шарвалзаж, юу хүссэнийг нь өгч эхэлнэ. Энэ бол Монголын улс төрийн өнөөгийн үндсэн өнгө төрх ажээ. Саяхан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Сонгуулийн санал худалдан авдагийг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн нь зүгээр нэг хоосон лоозон төдий зүйл болов бололтой. Сонгуулийн хууль гацаан дунд хэвтэж байгаа. Сонгуулийн өмнөх нэг жилд иргэдэд тараасан мөнгө, эд хөрөнгийг санал худалдан авах арга хэлбэр мөн эсэхийг нарийвчлан хуульчилж өгөөгүй. Аль нэг хуульд иймэрхүү заалт оруулахаас улс төрчид үнэндээ болгоомжилсоор иржээ. Тэгвэл тэд өөрсөддөө ашигтай хуулийн цоорхой үлдээх гээд байж л дээ. Прокуророос гурван удаа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хүсэлт УИХ-д хүргүүлсэн залилангийн хэргийн эзэн гэгдэж буй Д.Дондог гишүүн хэд хоногийн өмнө Төв аймгийн сумуудад мотоцикл тараасан сурагтай. Учрыг лавлаад үзтэл сум, багийн Засаг дарга, эмч нарыг унаагаар хангаж буй нь энэ гэнэ. Үүнээс санаа авсан уу, эсвэл Ардын намын удирдлагууд анхнаасаа нарийн төлөвлсөн ажил нь байв уу, ямартай ч ойрын үед бүх аймагт 250 ширхэг мотоцикл тарааж өгөхөөр болжээ. 21 аймгаар тооцвол энэ нь 5250 ширхэг хоёр “хөл”-тэй унаа болж байна. Нэг мотоцикл ойролцоогоор нэг сая төгрөг гэж тооцвол эдгээр нь 5 тэрбум 250 сая төгрөг гэсэн үг. Их мөнгө шүү. Тус намынхан энэхүү “бэлэг”-ийн унаагаа Оросоос Баян-Өлгий аймгийн Цагаан нуур сумын боомтоор оруулж ирэх юм байна. Бодвол өнөөх алдарт “Иж-планета” биз. Ийм загварын мотоциклийг монголчууд хэзээнээсээ мэднэ. Хурд, хүч, эдэлгээ сайтай. Энэхүү бэлгийг авсан багийн засаг дарга ёстой бошийх нь тэр. Сонгуулийн сурталчилгаанд шөнө өдөргүй давхиж өгнө. Уг нь бүх шатны засаг дарга, эмч нар төрийн албан хаагч, аль нэг намд хамааралгүй байх учиртай. Гэвч энэ нь бас л хуулийн цоорхойтой ажээ. Сонгууль болтол цоорхойг нь бөглөхгүй явсаар байгаад санал худалдан авахдаа ашиглах гэж байгаа бололтой.

Ийнхүү хөдөөгүүр бэлэг түгээх ажлаа ганц энэ намыхан биш Ардчилсан нам ч бас эхэлжээ. Тус намын хэсэг залуус “Төгс ардчиллын аян” гэгчийг ирэх оны гурван сар хүртэл хийх юм гэнэ. Үүгээрээ далимдуулан бэлгээ түгээнэ. МАХН, Үндэсний ардчилсан нам ч ялгаагүй ийм аянд мордох ажээ. Эдгээрээс анзаарч суухад ер нь хөдөөгийн иргэд маань мөдхөн мөнгө төгрөг, бараа таваараар хахаж цацталаа баяжих юм шиг байна. Харин саналаа яаж өгөх нь тэдний нууц болж үлдэх биз.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top